“Илүү их уншъя” уриатай Номын баярт 200 хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, /МОНЦАМЭ/. 2007 оноос эхлэлтэй Үндэсний номын 35 дахь удаагийн баяр өнөөдөр эхэллээ.
“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас анх санаачилсан уг баярыг УИХ-ын даргын ивээлд зохион байгуулдаг болсон юм. Улсын их хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сард тэмдэглэхээр хуульчилсан билээ. Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй “Номын баяр” нь энэ удаа “Илүү их уншъя” уриатайгаар болж буй бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч тогтмол оролцдог. Харин энэ жилийн баярт 60 гаруй шинэ оролцогч нэмэгдсэн байна. Уг баярыг дунджаар 250 мянган хүн зорин ирдэг гэсэн албан тоо бий.
Гурван өдөр үргэлжлэх эл баярыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Тэрбээр хэлэхдээ “Энд хуран цугласан эрдэмтэн зохиолчид, хэвлэн нийтлэгчид, мэргэн уншигчид, хүндэт зочдын амар амгаланг айлтгая. УИХ-аас энэ санаачилгыг дэмжиж, таван жилийн өмнө жилд хоёр удаа тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Номын баяр маань жилээс жилд өргөжиж, олон улсын статустай болж байгаад баяртай байна. Энэ баяр уншигч-зохиолчийг уулзуулж, амьд холбоог бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа юм. Номын баяр маань КОВИД-ын үеэр ч тасраагүй. Номын энерги хүч агуу гэдгийг бид цар тахлын үеэр энэхүү баярыг зохион байгуулахдаа мэдэрсэн.
Ном бол ертөнцийг харах гэрэлт цонх, танин мэдэх үүд хаалга юм. Ном уншдаг хүн мянган өөр амьдралаар амьдарч чадна. Харин уншдаггүй нь нэг л амьдралаар амьдардаг гэсэн хуучны үг бий.
Тиймээс ард түмнээ илүү их уншихыг уриалъя” гэв.
Тэрбээр үг хэлэх үеэрээ 45 мянган номын сан хөмрөгтэй парламентын номын санг тун удахгүй нээлттэй болгохоор болсныг дуулгасан бөгөөд тус номын сан Хууль зүйн хүрээлэнгийн байранд шилжин орж байгаа аж. УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлснийхээ дараа “Шилдэг уншигч-анги, хамт олон”, “Шилдэг сурагч хүүхэд”, “Шилдэг ном”, Шилдэг хэвлэлийн газар”, “Шилдэг номын сан”-д шагнал гардуулав.
Тэгвэл “Номын баяр”-ыг санаачлагч Б.Сувд ярихдаа, “Нийт уншигч, хэвлэн нийтлэгч, зохиолчдодоо 35 дахь удаагийн номын баярын мэнд хүргэе. Энэ удаагийн баярт Унгар, Тайланд, Турк, Солонгос, Казахстанаас номын зохиогч, хэвлэн нийтлэгч, зуучлагч ирсэн. Тэд Монголын номын соёлтой танилцаж, манай зохиолч, хэвлэн нийтлэгчдийн номыг олон улсад таниулах, монгол зохиолчидтой хамтран ажиллах хүсэлтэй байна. Номын баярт оролцдог зохиолч, хэвлэн нийтлэгчдийн тоо жилээс жилд өсөж байгаа нь сайхан юм. Цар хүрээгээ тэлж, номын баярт оролцож буй бүтээлүүдийн төрөл жанр нэмэгдэхийн хэрээр зорин ирэгсдийн тоо улам их болж байна” гэв.
Гурван өдөр үргэлжлэх тус үйл ажиллагаа нь номтой нөхөрлөдөг, номд дуртай, номыг шимтэн уншдаг иргэдийн хамгийн том баяр юм. Номын баярт монгол орны өнцөг булан бүрээс номын хорхойтнууд зорин ирдгээрээ онцлогтой. Монгол Улсын хэмжээнд зохион байгуулдаг цор ганц насны хязгааргүй баяр гэдгээрээ монголчууд энд хүрэлцэн ирэх дуртай байдаг. Арын хавтсандаа 11 төгрөг гэж бичсэн “Монте Кристо гүн”-гээс эхлээд өнөө цагийн шинэ бүтээлүүд Сүхбаатарын талбайд эгнэсэн асруудаар дүүрэн байна.
35 дахь удаагийн “Номын баяр”-т оролцож буй зохиолч, хэвлэн нийтлэгчид 90 орчим шинэ номтойгоор уншигчидтайгаа уулзаж байгаа юм. Тэдгээрийн 50 нь өнөөдөр нээлтээ хийлээ.
Тухайлбал, Хөдөлмөрийн баатар
Б.Лхагвасүрэнгийн гурван боть уншигч олны хүртээл болж байна. Мөн залуу зохиолч
Луужир Жиймий хоёр шинэ номтой байсан бол модернист найрагч Д.Галсансүх “Битник
шүлэг”-тэйгээ иржээ. Түүнчлэн “Тагтаа”, “Нэпко”, “Мон судар”, “Чимээ” зэрэг
хэвлэлийн газрууд 2-4 шинэ бүтээлтэй
уншигчтайгаа уулзаж байна. “Номын баяр”-т худалдаж буй номуудын 50 хувь нь
хүүхдийн гэх тодотголтой байдаг. Энэ нь манай улсад хүүхдийн номын зах зээл
жилээс жилд өргөжиж буйн тод жишээ юм. Номын баярын фото агшнаас хүргэе.