ЗАВХАН:Тосонцэнгэл суманд 1 тэрбум төгрөгийн зээл олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл суманд шинэ хоршоо хөдөлгөөн идэвхтэй өрнөж байна.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд төрийн албан хаагчид 21 аймгийн 330 суманд ажиллаж, малчдад зөвлөгөө, зааварчилгаа өгсөн байна.
Улсын хэмжээнд өрнөж буй хөдөлгөөний анхны хөрөнгө оруулалтын зээлийг тавдугаар сарын 13-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд олгож байсан юм.
Тодруулбал, Тосонцэнгэл сумын Идэр багийн “Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо болж, 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах гэрээгээ Төрийн банктай байгуулсан байна.
"Гурван толгодын шим" хоршоо нь сүүний үнээ, 10 га талбайн услалтын систем, хадлан тэжээл бэлтгэх трактор тоног төхөөрөмж зэргийг цогцоор нь худалдан авах төсөл бичжээ. Мөн ногоон тэжээл тариалах, үрийн будаа худалдан авах зэрэгт санхүүжилтээ зарцуулахаар төлөвлөсөн байна.
Шинэ хоршоо хөдөлгөөн эхэлснээс хойш нэг сарын дотор хоршооны зээл олголт улсын хэмжээнд 70 тэрбум, Тосонцэнгэл суманд 1 тэрбум төгрөгийг давлаа.
6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Тосонцэнгэл суманд 31 хоршоо байгуулсан байна.
Үүнээс 6 хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авч, 9 хоршоо банканд зээлээ судлуулж, 16 хоршоо хөрөнгө оруулалтын зээл авахаар ажиллаж байна гэж Тосонцэнгэл сумын ЗДТГ-аас мэдээлэв.