НҮБ-ын Хүүхдийн сангаас зудад нэрвэгдсэн сумынханд хүмүүнлэгийн тусламж хүргэсээр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны
наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. НҮБ-ын
Хүн амын сан, Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зудад
нэрвэгдсэн орон нутгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэсээр байна.
Дээрх байгууллагуудын
хяналт үнэлгээний баг энэ оны долоодугаар сарын 29-31-нд Завхан аймгийн
Тосонцэнгэл, Их-Уул суманд ажиллаж, малчин эмэгтэйчүүдтэй уулзаж тусламжийн үр
дүн, зохистой байдал, сэтгэл ханамжид үнэлгээ хийлээ.
Малчид зудын гамшгийг
мартаагүй байна
Мөн зудын нөхцөл байдал
хүндэрсэн 9 аймгийн 72 сумын малчин эмэгтэйчүүд, тэр дундаа хөхүүл жирэмсэн,
хөгжлийн бэрхшээлтэй болон дотуур байранд гэр бүлээсээ хол амьдардаг өсвөр
насны 4000 охид, эмэгтэйд эрүүл ахуй, ариун цэврийн багц түгээгээд байна.
Түүнчлэн орон нутгийн
охид, эмэгтэйчүүдийн бие болон сэтгэлзүйн аюулгүй байдлыг хангах зорилгоор
тэдэнд зориулсан аюулгүй өрөөг бий болгож орон зай үүсгэх, орон нутгийн эрүүл
мэнд, нийгмийн ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх, зудад өртсөн өрхүүдэд
сэтгэлзүйн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас 6700 хүүхдэд хоол
тэжээлийн нэмэлт дэмжлэг үзүүлсэн бол алслагдсан сумын 2000 гаруй хүүхдийн
суралцах боломжийг дэмжиж хичээлийн хэрэгсэл олгожээ.
Зуд болсон сумдад бороо бага, гандуу, тачир
өвстэй байна.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын малчин Н.Янжинлхам:
-Манайх хадлангийн 3 хашаатай учраас ноднин өөрсдийнхөө хэрэгцээнд хангалттай сайн өвс авсан. Ер нь манайх намар болгон өвс тэжээлээ ахиухан нөөцөлж, хивгээ бөөндөж авдаг. Малаа тэжээгээд болоод байдаг байсан бол өнгөрсөн өвөл ямар ч боломжгүй байлаа гэв.
Тэрбээр, өнгөрсөн өвөл 11 дүгээр сар дөнгөж гараад цас
ихээр орж хайлмагтаж хөлдсөн. Цаг хүндрэхийг мэдээд хонь, ямаанаасаа нядалж,
тугал бяруу, эм хонио зарсан. Сүргээ ангилан ялгаж 100 хувь тэжээсэн ч
хорогдсон. Бүх эм хонио зарсан болохоор энэ жил ямар ч төл аваагүй. Энэ
зун ногоо ч сайн гарсангүй. Өнгөрсөн хавар манайх солом суулгасан ч бороогүй
байснаас ургасангүй хэмээн ярьж байлаа.
-Улс, аймгийн Онцгой байдал, байгууллага, иргэдээс тусламж ирсэн. Олон улсын байгууллагын бэлэн мөнгөний тусламжаар нэг уут гурил, үлдсэнээр нь малдаа тэжээл авч, өвсний зээлээ төлсөн. НҮБ-аас өнгөрсөн 6 дугаар сард 660 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн. Хүүхдүүдийнхээ ойр зуурын хэрэглэлийг авлаа. Дэвтэр, цүнх гээд хичээлд нь бэлтгэсэн. Цагаа олсон тусламж байлаа. Малчид таван малынхаа төлөө зүтгэсээр таардаг. Хүүхдүүдээ эрдэмтэй болгоно гээд малаа орхиж сум орох уу, малаа гээд хүүхдүүдээ орхих уу гэсэн асуудалтай тулгарч байлаа гэв.
Зудтай үед малчдын хүүхдүүдэд нэмэлт тэжээл, амин дэм чухал байлаа
Завхан аймгийн Их уул сумын II багийн эмч М.Буянжаргал:
-Манай баг 40 гаруй малчин
өрхтэй. Хол нь 50 км-т нутагладаг. НҮБ-ын Хүүхдийн сангаас тусламжаар ирсэн
витамин Д, бичил тэжээлийг малчин айлын хүүхдүүдэд түгээж байна. Цас ихтэй, цаг
уур хүндэрч малын ажил ихэссэн үед малчид хүүхдүүдээ анхаарч бүрэн сайн халамжилж чаддаггүй. Тиймээс энэ тусламж малчдад, хүүхдүүдэд их хэрэгтэй.
Зудын үеэр НҮБ-аас бас эмийн багц ирсэн. Яарч сандарсан, цасанд нааш цааш явах боломжгүй мөнгө төгрөг муутай үед малчдад их хэрэгтэй тусламж болсон. Зуднаар мал нь үхэхээр малчид сэтгэл санаагаар их унадаг. Энэ үед олны сэтгэлийн дэм, хандив тусламж их хэрэг болдог гэв.