“Шинэ хоршоо" хөдөлгөөнийг эрчимжүүлж, “Чинээлэг малчин” арга хэмжээг үргэлжлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-09-11 14:35:10

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг улсын хэмжээнд эрчимжүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймгийн Засаг дарга нарт чиглэл болголоо.


Засгийн газраас хоршоогоор дамжуулж малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Шинэ хоршоо" хөдөлгөөнийг өрнүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн.


Хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон бөгөөд хүүгийн зөрүүний дэмжлэгийг Засгийн газраас олгож, зээлийн барьцаа хөрөнгийн батлан даалтыг Зээлийн батлан даалтын сангаас 80-100 хувь хэрэгжүүлсэн аж. Энэхүү арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар 4.4 мянган (4466 ) малчдын хоршооны 14.6 мянган (14688) хоршооны гишүүн малчинд 502,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон, 1570 малчны 88.3 тэрбум төгрөгийн төсөл арилжааны банкаар судлагдаж байгаа аж.


Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хоршооны гишүүн малчдын тоо, санхүүжилт хүссэн төслийн дүнд үндэслэн Санхүүжилтийн ерөнхий гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, талууд гарын үсэг зурснаар энэ онд нийт 1.0 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргах юм.
 

 
 
 

 

Холбоотой мэдээ