Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгай бараалхлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-09-23 09:28:57

Нью-Йорк, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 22-нд Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгайг хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Бутаны Хаант Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлов. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд харилцан туршлага судалж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв.

 

Ерөнхий сайд Цэрэн Тобгай энэ онд Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хэрэгжүүлсэн анхны төрийн айлчлал нь хоёр улсын хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой болсныг тэмдэглэлээ. Мөн тус айлчлалаар дамжуулан Монгол Улсын түүх соёл, зан заншил Бутаны ард түмний зүрхэнд ойр болсон гэдгийг онцолж, Бутаны төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.


Талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтарч, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Цог Жавхлант Хааны “Зуун сая жимсний мод” тарих санаачилгын хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр санал нэгдэв.


Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа талууд харилцан нотлов.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны хаант улсын Цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук энэ оны 7 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийсэн юм. Энэхүү айлчлал нь манай хоёр улс 2012 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны хаант улсын Цог жавхлант хааны Монгол Улсад хэрэгжүүлсэн анхны төрийн айлчлал болсон билээ.






 

Холбоотой мэдээ