БАЯНХОНГОР: Аймгийн төвөө "Гэрэлт хот" болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гудамж талбайн гэрэлтүүлгийн цогц ажлыг өрнүүлж, аймгийн төвөө "Гэрэлт хот" болголоо.
Цогц ажлын хүрээнд сүүлийн жилүүдэд нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, гэр хорооллын гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг засварлах, шон зурвас, гэрэлт гудамж байгуулах, гэрэлтүүлэггүй гудамжинд шинээр гэрэлтүүлэг тавих ажлыг хийжээ.
Мөн хугацаанд аймгийн төвийн нийтийн эзэмшлийн зам талбай, Баянхонгор сумын 10 багийн гудамж, хороолол талбайд нийт 4000 гэрлийг шинээр тавьж суурилуулсан байна. Түүнээс гадна төв зам дагуух орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагуудын барилгын дээр туузан гэрэл хийж, хотын өнгө үзэмжийг сайжруулсан байна.