109 далд машины зогсоолтой цэцэрлэгт хүрээлэнг ирэх зун ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-04 11:35:24

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн.


Тэгвэл барилгын ажил ид үргэлжилж байна. Одоогийн байдлаар газар шорооны ажил дуусаж, барилгын суурийг ухаж, суурийн арматур, хэв хашмалын ажлыг хийсэн байна. Өмнөх цахилгаан холбооны шугамуудыг нүүлгэн шилжүүлж, буцаан хэвийн ашиглалтад оруулж, техникийн комисст хүлээлгэн өгсөн аж.


Уг талбайд доороо 109 автомашины зогсоолтой ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн барих юм. Энэ онд далд зогсоолын барилгын ажлыг дуусгах бол 2025 оны хавар тохижилтыг хийснээр долдугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр ногоон байгууламж, авто зогсоолын асуудлыг нэг дор шийдэх юм.


Барилгын ажлыг гүйцэтгэгч “Бодь пропертийз” компанийн гүйцэтгэх захирал Б.Тэгшбаяр ярихдаа “Ажлыг төлөвлөгөөний дагуу өдөр, шөнийн ээлжээр тасалдуулахгүй явуулж байна. Энэ онд газар доорх барилга байгууламжийг хийж дуусгана. Өвөл дотор заслыг нь хийнэ. 2025 оны хавар гадна тохижилтын ажлыг эхлүүлнэ” гэв.

 

Холбоотой мэдээ