"Бэрх биш ээлтэй Ховд" аян хоёр сар үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-15 20:31:47

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих "Бэрх биш ээлтэй Ховд" сэдэвт аян өрнөж байна. 


Хоёр сарын хугацаанд хэрэгжих тус аяны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчин бүрдүүлэх, тэдний нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн ойлголт хандлагыг өөрчлөхөд чиглэж буй.  


Аяны хүрээнд “Хандлагаа өөрчилж, хамтдаа хүртээмжтэй ирээдүйг бүтээцгээе” гэсэн уриалга дэвшүүлжээ. 


Аяны хүрээнд цаашид хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулна. Сайн дурын ажилтан бэлтгэх сургалт зохион байгуулах юм. 

Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ба орчны хүртээмж“ сэдэвт видео контентын уралдаан, багш, нийгмийн ажилтнуудад зориулсан “Хүүхдийн нийгэмшихүйн ур чадвар” сэдэвт сургалт зохион байгуулна.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношилгоо үнэлгээний кабинетад цэцэрлэгийн дэмжлэгийн баг, эцэг эхчүүдэд зориулсан сургалт зохион байгуулах ба хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байгууллагыг шалгаруулж урамшуулахаар төлөвлөжээ.


Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрөөр “Нөхөрсөг анд” спортын тэмцээн, гар зургийн үзэсгэлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, бүтээлийн үзэсгэлэн гэх мэт олон талт үйл ажиллагааг тусгай хуваарийн дагуу зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


Дээрх аяныг 2022 оноос эхлэн гурав дахь жилдээ Ховд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Норвегийн тусламжийн байгууллага болон бусад төрийн бус байгууллага, холбоод хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой.  


Холбоотой мэдээ