Казахстан нь Төв Ази дахь манай улсын анхны “Стратегийн түнш” улс болж буйг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-29 14:48:56

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Казахстан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйг цохон тэмдэглээд тус улстай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Мөн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 16 жилийн дараа хийгдэж буй энэхүү төрийн айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ.


Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулж, “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэсэн нь хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглэхүйц ач холбогдолтойг онцлоод, Казахстан Улс нь Төв Ази дахь манай улсын анхны “Стратегийн түнш” улс болж буйг онцолж хоёр улсын төрийн тэргүүн нарын ярьж тохирсон санал санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох, Монгол, Казахстаны “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд Казахстан Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.

 

Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг сайшаагаад цаашид хоёр орны нэрийн хуудас болохуйц харилцан ашигтай, эдийн засгийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтойг дурдав. Талууд хоёр улсын харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тээвэр, логистикийн саад тотгорыг арилгах, шинэ дөт чиглэлийг бий болгох, агаарын харилцааг өргөжүүлэх замаар аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах болсныг сайшаан тэмдэглэлээ.


Бүгд Найрамдах Казахстан Улсад энэ оны дөрөвдүгээр сард болсон шар усны үерийн улмаас эд материалын ихээхэн хэмжээний хохирол учирсан, Монгол Улсын Засгийн газраас 200.000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд Казахстаны тал талархал илэрхийлэв.



 

Холбоотой мэдээ