“Хубилай хааны усан флот” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-12 11:59:30

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Соёлын өвийн үндэсний төвийн захиалгаар “Хубилай хааны усан флот” дурсгалын зоосыг үйлдвэрлэж, худалдаанд гаргалаа. 


Дурсгалыг зоосыг Япон улсын Мацүра хотын Такашима арлын далайн гүнээс илрүүлсэн Монголын Эзэнт гүрний үед холбогдох Хубилай хааны усан флотын цэргийн армийн хөлөг онгоцны дурсгал, түүхэн үйл явдлын 750 жилийн ойг тохиолдуулан соёлын өвийг сурталчлах, олон нийтэд таниулах зорилгоор гаргажээ.

Япон улсын Фүкүока хотын Кюүшюү их сургуульд зохион байгуулсан “Хубилай хааны Япон руу хийсэн довтолгооны дараах 750 жилийн түүхийн олон улсын симпозиум”-ын үеэр тус дурсгалын зоосыг олон нийтэд танилцуулсныг Монголбанк мэдээлэв.



Зоосны нүүрэн талд далайн ёроол хэсэгт усны археологийн малтлагаар илэрсэн тухайн үед живсэн хөлөг онгоцны модон суурины ёроол хэсэг, далайд хөвж буй Хубилай хааны хөлөг онгоцны компьютер график ашиглан сэргээсэн загварыг дүрсэлсэн байна. Мөн зоосны дээд хэсэгт “Хубилай хааны усан Флот”, доод хэсэгт энэхүү олдворын илэрсэн газар болох “Такашима” арлын нэрийг бичжээ. Такашима нь “Шонхрын арал” гэсэн утгатай учир хөлөг онгоцны дээр шонхор шувууг нисэж буйгаар дүрсэлсэн аж.


"Хубилай хааны усан флот" дурсгалын зоосыг зэс, алтаар бүрж, 50 грамм жинтэй, 38.61 мм диаметртэй хийжээ.


“Хубилай хааны усан флот” дурсгалын зоос дээр дүрсэлсэн зураглал, баримтыг сүүлийн 30 жилд судалсан Японы судлаачдын ажлын үр дүнгээс сэдэвлэн зоосыг бүтээхэд Мацүра хотын захиргаа, музей, “Нара” их сургууль, Кокүгакүин их сургуулиас албан ёсны зөвшөөрөл авч, Фукүока дахь Монгол Улсын Өргөмжит консулын газартай хамтран ажилласан байна.


Монголбанкны Эрдэнэсийн сан нь Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан 2015 онд “Хубилай хаан” 25 гр, мөнгөн дурсгалын зоос, 2018 онд Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улс-Япон Улс” 1 унц, мөнгөн дурсгалын зоос, 2022 онд “Монгол-Япон 50 жил” 5 гр, ялтсан мөнгөн дэвсгэрт, 2024 онд Монголбанкны 100 жилийн ойн хүрээнд “Хубилай хааны зарлиг” ялтсан мөнгөн дэвсгэртийг /5 гр, 1 унц/ үйлдвэрлэн худалдаанд гаргаж байсан юм.  

Холбоотой мэдээ