Төрийн үйлчилгээг хялбар, цөөн, уялдаатай болгохыг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-22 14:24:06

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Манай улс дижитал шилжилт хийж байгаа ч иргэд төрд буй мэдээллийг ашиглахдаа дахин лавлагаа авч, төрийн байгууллага хооронд дахин үйлчлүүлэх шаардлага тулгардаг. Тиймээс төрд байгаа өгөгдлийг хиймэл оюунд суурилан эмхэтгэн боловсруулж, иргэдэд нэг цонхоор үйлчлэх нөхцөл бүрдүүлэхийг “Өгөгдлийн интеграци: ХУР & ДАН шийдэл” төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалтад оролцогчид  хөндөж байна. 


ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Шилжилт нэрийн дор дарга бүр өөрийн шийдлийг санал болгохоос илүү нэгдсэн өгөгдөл ашиглан, иргэдэд хүндрэлгүй үйлчлэх нь чухал. Төрөөс үзүүлж буй үйлчилгээ хялбар, цөөн, уялдаатай байх ёстой. Нэг хүн 11 төрийн байгууллага дээр очдог биш ДАН системээр өөрийгөө цахим орчинд таниулан авдаг байх, төрийн мэдээллийн суурь шинэчлэл хийхийн тулд цугларлаа. Хиймэл оюунд суурилсан стратеги нэвтрүүлэхдээ өгөгдөл боловсруулах, сургах, эрэмбэлэх ёстой. Төрийн үйл ажиллагаа, шийдвэр гаргахад хиймэл оюуныг ашиглахад нягтарч ажиллах хэрэгтэй болж байна. ЦХИХХЯ-ны хийх ёстой зүйл нь дижитал шилжилтийг сууриар нь шийдэх. Төрийн үйлчилгээ бүрийг цахимжуулах тухай ярьж байгаа ч төрд байгаа дата мэдээллийг нэгтгэх, зарим үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх, мэргэжлийн холбоонд өгөх тухай ярьж эхлээгүй байна. Хэлбэрт баригдалгүй, асуудал, шийдэлд төвлөрсөн, үр дүнтэй уулзалт байх”-ыг онцоллоо. 


Харамсалтай нь e-mongolia системээс гаргасан лавлагааг хувийн хэвшил хүлээн зөвшөөрөхгүй, тэр дундаа арилжааны банкуудын шаардлага иргэдэд хүндрэл учруулах нь бий. Иймд төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй, ХУР систем ийг ашиглах нь чухал. Тус системээс иргэний үнэмлэхний лавлагааг 315 сая удаа татсан нь иргэдийн дунд хамгийн эрэлттэй үйлчилгээ болжээ. Мөн нийгмийн даатгал, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тодорхойлолт, шилжилт хөдөлгөөн, хуулийн этгээдийн нэр авах үйлчилгээ, жолооны үнэмлэх захиалга, эмнэлэгт цаг, шинжилгээний хариу авах, автотээврийн хэрэгсэл, жолоочийн торгуулийн төлбөр төлөх, цахим гадаад пасспортын захиалгатай холбоотой гомдол түгээмэл иржээ.



Харин тээврийн хэрэгслийн татвар төлсөн нэхэмжлэлийн түүх, зээлийн мэдээлэл, эцэг, эхийн регистрээр хүүхдийн мэдээлэл харах, нас барсны бүртгэлийн лавлагаа, оюутны цахим карт, хуулийн этгээдийн мэдээлэл дамжуулах, импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл зэрэг нь хамгийн их тасалддаг байна. Тиймээс иргэд ХУР системийг түгээмэл хэрэглэдэг тул энэ системийг хөгжүүлэх, хөрөнгө оруулах шаардлага байгаа аж. 

Холбоотой мэдээ