Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэх нэг удаагийн дэгийн тухай хуулийн төслийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-12-04 10:53:47

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо өчигдөр хуралдаж, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэх дэгийн талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахыг хэлэлцлээ.


Хэлэлцэх асуудлыг Байнгын хорооны дарга Б.Баярбаатар танилцуулсан юм. УИХ-ын гишүүн Г.Очирбат Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авсантай холбогдуулан Хууль зүйн байнгын хороотой хамтран хуралдаж, нэг удаагийн дэгийн тухай хуулийн төсөл боловсруулсныг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй. Иймд нэг удаагийн бус, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг судалж, хуулийн төсөл боловсруулах нь зүйтэй гэсэн юм. Түүний энэ байр суурийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дэмжиж байгаагаа илэрхийлээд, шуурхай шийдэх шаардлагатай тул ажлын хэсгийг Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар ахалж ажиллах нь зүйтэй гэв. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир мөн дээрх хоёр гишүүнтэй ижил саналтайгаа хэлж, цаг хугацааны хувьд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж бий эсэхийг асуув.

 

Байнгын хорооны дарга Б.Баярбаатар хариулахдаа, УИХ-ын даргын зөвлөлийн хуралд мөн ийм байр суурь илэрхийлснээ танилцуулаад, хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх санал оруулах эрх зөвхөн Засгийн газарт байх боловч Засгийн газраас УИХ-ын чуулганы хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлах эрхгүйг дурдсан юм. Иймд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай хэлэлцэх боломжгүйг онцлоод, Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг ердийн журмаар хэлэлцэх цаг хугацааны боломжгүй тул түүнийг хэлэлцэх дэгийг нэн даруй боловсруулж батлах шаардлагатай гэжээ.



Байнгын хорооны даргын хариултыг сонссоны дараа УИХ-ын гишүүн Г.Очирбат өмнө нэг удаагийн дэгийн төсөл боловсруулах Байнгын хороодын хамтарсан ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаар энэ ажлын хэсгийг дахин ахлуулах нь зүйтэй гэсэн юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ч мөн нэгэнт эхлүүлсэн ажлаа дуусгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Цаашид УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг одоо нэг удаагийн дэг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажиллах гишүүн үргэлжлүүлэн хийвэл үр дүнтэйг УИХ-ын гишүүн Д.Рэгдэл хэллээ.


Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж баталлаа. Тогтоолд, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Бум-Очир, Д.Ганмаа, Г.Очирбат, Б.Хэрлэн, Д.Энхтуяаг ажиллуулахаар тусгаж, Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэх дэгийн талаарх саналыг танилцуулахыг үүрэг болгожээ.


Тогтоол батлагдсаны дараа ажлын хэсэг нэн даруй хуралдаж, төсвийн төслийг яаралтай хэлэлцэх нэг удаагийн дэг батлах тухай санал боловсруулан Байнгын хорооны хуралдаанд эргэж танилцуулав. Тус ажлын хэсэг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авч, хууль, тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.


Хуулийн төслийг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу танилцуулав. Тэрбээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан, тус хуульд заасан үндэслэлээр өргөн мэдүүлсэн төсвийн төслийг хэлэлцэхэд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан улсын төсвийг хэлэлцэн батлах хугацааг баримтлахгүй байхаар төсөлд тусгасныг тэмдэглэв. Хуулийн төсөлд, тус хуулийг баталсан өдрөөс эхлэн Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталж дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөхөөр заасан байна.


Засгийн газар Монгол Улсын 2025 оны төсвийг өргөн барихтай хуулийн төслийн үндэслэлийг уялдуулах нь зүйтэй гэсэн УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн асуултад УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариулахдаа, төсвийн төслийг хэлэлцэж эхлэхэд хууль хүчин төгөлдөр болчсон байх ёстойг онцоллоо. Харин УИХ-ын гишүүн Д.Бум-Очир чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуулийн төслөө гишүүдэд сайтар ойлгуулах шаардлагатайг ажлын хэсгийн гишүүдэд зөвлөжээ.


Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоныг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ