СЭЛЭНГЭ: Орхонтуул-Цээл чиглэлд хатуу хучилттай зам тавих ажил 2025-2027 онд хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-17 12:01:56

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын баг Орхонтуул суманд ажиллаж байна.

 

Ажлын баг сумын удирдлагууд болон төсвийн байгууллагуудын дарга, иргэдтэй уулзалт хийж, тулгамдаж буй асуудлуудыг сонсон, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байгаа юм.

 

Уулзалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Отгонбаяр, Д.Наранбаатар нар оролцлоо.

 

Тус суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Орхонтуул-Цээл чиглэлийн хатуу хучилттай зам тавих ажил 2025-2027 онд хэрэгжинэ.

 

Орхонтуул суманд энэ онд 28,5 тэрбум төгрөг, Орхон голын төмөр бетонон гүүрний дуусгал 5,6 тэрбум төгрөг батлагдсан байна. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын 3,4 тэрбум төгрөгөөр 27 төсөл арга хэмжээ тус тус хэрэгжинэ.

 

2024 онд тус суманд аймгийн хөрөнгө оруулалтаар дулаан, цэвэр усны төв шугам, худаг 267 сая төгрөг, Соёлын төв, Захирагчийн албаны байрны фасад 280 сая төгрөг, сумын төвийн зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн ажилд 60 сая төгрөг, Рашаант тосгоны зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, замын гэрэлтүүлэг 60 сая төгрөг нийт 667 сая төгрөгийн ажил хийжээ.

 

Холбоотой мэдээ