СЭЛЭНГЭ: Загвар хоршоо байгуулах талаар зөвшилцлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар, 2025 оны нэгдүгээр
сарын 30 /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн удирдлагын баг “АДРА Монгол" олон улсын байгууллага (ОУБ)-тай хамтран органик хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн
сүлжээг сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд орон нутгаас
нийлүүлдэг органик хүнсний нийлүүлэлтийн сүлжээг сайжруулахад чиглэсэн органик
үйлдвэрлэлийн хэмжээ, органик хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, борлуулалтын
сувгийг нэмэгдүүлэхэд төр, төслийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцаж,
“Загвар хоршоо” байгуулах тал дээр зөвшилцлөө.
“АДРА Монгол" олон улсын байгууллага (ОУБ)-аас “Органик хөдөө аж ахуйн түншлэл II” төслийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам болон АДРА
Германы санхүүжилттэйгээр 2023 оны 10 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн байна.
Төсөл органик хөдөө аж ахуйн
үйлдвэрлэлийг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тэлж, хамтын баталгаажуулалтын
тогтолцоог бэхжүүлэн, органик үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн төлөөх түншлэлийг
бэхжүүлж, орон нутгаас нийлүүлдэг органик хүнсний нийлүүлэлт, борлуулалтын үр
ашигтай сүлжээг талуудын оролцоотойгоор бий болгох замаар органик үйлдвэрлэл
эрхлэгчдийн амьжиргааг сайжруулах зорилготой юм.
Төсөл 2026 оны 12 дугаар сарыг
дуустал хэрэгжих бөгөөд Сэлэнгэ аймгийн 14 сумын 30 хоршоо хамрагдаж байна.
Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга
Г.Бат-Орхон, Засаг дарга Н.Лхагвадорж, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ХХААГ-ын даргын
үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэнгэлсайхан, “Органик хөдөө аж ахуйн түншлэл
төсөл”, Сэлэнгэ таван хайрхан дундын хоршоо, органик үйлдвэрлэл эрхлэгчдийн
төлөөлөл оролцов.
Өнгөрсөн хугацаанд төслийн үр
дүнд органик бүтээгдэхүүнийг баталгаажуулах чиглэлээр 15 Хамтын
баталгаажуулалтын байгууллагыг (ХББ) Сэлэнгэ аймгийн 11 суманд байгуулсан
байна.
Мөн Органик бүтээгдэхүүнийг
баталгаажуулах бэлтгэл ажлын хүрээнд Хамтын баталгаажуулалтын байгууллагын
дотоод дүрэм, хяналт үнэлгээний бичиг баримтууд, органик үйлдвэрлэлийн ул
мөрийг мөшгөн мөрдөх органик зөгийчин, ногоочны талбайн түүхийн дэвтэр зэргийг
боловсруулжээ.
Мөн ногоочид 31 төрлийн төмс,
хүнсний ногоог 223 га талбайд тариалж 2,440 тонн органик ногоо, 2,7 тонн
органик зөгийн бал хураан авч 2 тэрбум төгрөгийн (701,754USD) борлуулалт хийсэн
байна.