Дижитал сурах бичгийн цахим систем нэвтрүүлэх үндэсний сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2025-02-05 15:09:25

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цахим контент, дижитал сурах бичгийн цахим систем нэвтрүүлэх"-ээр баталсан. Энэхүү ажлыг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад Унгар улсын "MOZAIK KIADO KFT" XXК шалгарч, гэрээ байгуулан хамтран ажиллаж эхлээд байна.

 

Хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн нийт 100 сурах бичгийг дижитал хэлбэрт шилжүүлэн, Mozaik education системд оруулсан бөгөөд интерактив 3D контент, видео контент, зураг, аудио, 170 гаруй хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэж байна.

 

Дижитал сурах бичгийн системийг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг өнөөдрөөс гурван өдрийн турш танхимаар зохион байгуулж буй юм.

 

Сургалтад БЕГ, БСҮХ, БМТТ-ийн Мэдлэ сургуулийн мэргэжилтнүүд, 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл тус бүр нэг багш, нийт 60 оролцогч хамрагдаж байна.

 

Сургалтын нээлтэд Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга М.Цогзолмаа, Мозаун ХХК-ийн ерөнхий захирал Ч.Энхбат, Боловсролын ерөнхий газрын Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газрын дарга Б.Лхагвабаяр нар оролцож сургалтын зорилго, зохион байгуулалт, хөтөлбөрийн агуулга, хүрэх үр дүн, цаашдын төлөвлөгөөний талаар танилцууллаа.

 

Үндэсний сургагч багш нар цаашид дижитал сурах бичгийг нийт багш нартаа танилцуулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр төлөвлөгөөний дагуу хамтран ажиллах юм.

 

Сурах бичгүүд дижитал хэлбэрт бүрэн шилжсэнээр сурагчид цахим системд суурилан интерактив хэлбэрээр ашиглах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан тодотгов.


Холбоотой мэдээ