БУЛГАН: Энэ жилээс сум бүр хүүхэд, гэр бүл хариуцсан нийгмийн ажилтан ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-02-17 11:30:08

Булган, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/.  Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр Булган аймгийн хүүхдийн байгууллагыг нэгэн үед удирдаж байсан залуу үеийн төлөөлөл Түмэндэмбэрэлийн Баярбаттай ярилцлаа.


                                   Т.Баярбат: Хүүхдийг хамгаална гэдэг хамгийн том буян


-Таны хүүхэд байхдаа орж гарч, хөгжиж төлөвшиж байсан хүүхдийн байгууллага, удирдан чиглүүлсэн хүүхдийн байгууллага юугаараа ялгаатай санагддаг бол?

-Хүүхдийн байгууллагын хоёр жилд нэг болдог Хүүхдийн чуулганд төлөөлөгчөөр оролцдог байлаа. Сумын төвийн хүүхэд аймагт ирж чуулганд оролцоод үе тэнгийнхээ олон сайн хүүхэдтэй танилцаад их өөрчлөгддөг. Аливаа хүүхэд тухайн орчиндоо байгаад л байвал цаашаа хөгждөггүй, ахиж дэвшдэггүй талтай. Аль болох олон хүүхэдтэй уулзаж ярилцаж, тэдэнтэйгээ хөгжилдөж, мэтгэлцэж байвал хүүхэд тэндээс хөгжил, төлөвшлийн олон сайн зүйлийг суралцдаг юм билээ. Би хүүхдийн оролцооны байгууллагын хурал зөвлөгөөнийг их ололттой зүйл гэж дэмжиж явдаг. Удирдлагаар ажиллах хугацаандаа хүүхдийн чуулганыг жил бүр хийдэг. Мөн жилд 1-2 удаа хүүхдүүдээ цуглуулаад сургалтад хамруулж, олуулаа хөгжих боломжийг нээх гэж их зорьдог байлаа.


-Таны ажиллаж байсан үеийн хүүхдийн байгууллагын чиг үүрэг өнөөгийн хүүхдийн байгууллагын чиг үүрэг юугаараа ялгаатай вэ?

-Сүүлийн жилүүдэд хүүхэд хамгааллын асуудлууд төр засгийн түвшинд яригдаж байна. Хүүхдийн байгууллага намайг ажилд ороход найман хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байлаа. 2017 оноос хойш нэмэгдсээр 27 хүний бүрэлдэхүүнтэй болж, нөөцийг нэлээд сайн нэмэгдүүлсэн. Энэ жил сум бүр хүүхэд, гэр бүл хариуцсан нийгмийн ажилтан ажиллуулахаар болж, одоо 40 гаруй ажилтантай өргөн бүрэлдэхүүнтэй боллоо.


-Хүүхдийн байгууллага хүүхдийн хөгжил төлөвшил хамгааллыг энэ тэнцүү авч явж чадаж байна уу?

-Хүүхдийн байгууллага хүүхдийн хөгжлийг орхигдуулахгүй байхыг ямагт хичээдэг. Сүүлийн жилүүдэд хамгаалал нь илүү тод яригдаж байгаа ч хөгжил төлөвшлийн ажил тасралтгүй явагдсаар байгаа нь сайшаалтай.


-Булган аймгийн нийт хүүхдийн хэдэн хувь нь хөгжсөн хүүхэд вэ?

-Хөгжсөн гэж тодорхойлоход бас өрөөсгөл юм. Хүүхэд хөгжлийн дугуйлан секц, уралдаан, сургалт мэдээллийн үйл ажиллагаанд Булган аймгийн нийт хүүхдийн 80 орчим хувь нь тодорхой хэмжээгээр оролцож байгаа. Хүүхдүүд маань өөрийгөө хөгжүүлж хамт олноосоо төлөвшиж илүү ихийг суралцаж байна гэсэн үг.


-Хүүхдийн байгууллагын 100 жилийн ой болох гэж байна. Өнгөрсөн 100 жилийг түүхийг өнөөдрөөс эргэж харвал?

-Хүүхдийн байгууллага маань пионерын байгууллагаас эхэлсэн. Улаан бүчээ зүүгээд, бүхий олон багачууд дуугаа дуулаад эхэлсэн түүхтэй. Үе үеийн хүүхэд бүрд итгэл үнэмшил хүсэл мөрөөдөл зөв төлөвшил сайхан дурсамж үлдээсэн их айл нэгэн зууны балчир үрсээ өсөж дэрвэснийг нь харах тэмдэглэн үлдээх шинэ зуун эхлэх жил юм даа. 


-Та хүүхдийн байгууллагынхаа ойн баярт хэрхэн оролцох вэ?

-Булган аймгийн Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойг зохион байгуулах олон дэд ажлын баг байгуулсан, түүнд оролцоод явж байна. Миний хувьд баримтат киноны хэсгийг ахлан ажиллаж байгаа. Олон агуулга гаргахгүй маш товчхон үзэхэд сонирхолтой баримтат киног мөнхөлж үлдээх зорилготойгоор 100 жилдээ оролцоно. Энэ бол ойгоо угтаж буй миний сэтгэл юм.


-Хүүхдийн байгууллагын талаар таны дүгнэлт?

-Хүүхдийн байгууллагад ажилласан хүн бүрийн үйлс нь цагаан, сайхан энерги дотор ажилладаг, хүүхдийг хамгаална гэдэг нь хийж болох хамгийн том буян юм. Энэ нь эргээд маш ачлалтай ажил. 


Энэ байгууллагын өндөр үүд, өргөн босгоор орж хүндэт хойморт нь тухалсан, элч энергийг нь дурсан санадаг хэн бүхэн түүхт зуун жилийн ойдоо хүрэлцэн ирнэ хэмээх итгэлээр бидний яриа өндөрлөлөө. 








Холбоотой мэдээ