АРХАНГАЙ: Цагаан сарын ёсон
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол түмний жил бүр өргөн тэмдэглэдэг сар шинийн баяр гуравдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд тохиож байна.
Монголчууд айл хотлоороо
битүүн гэж сайхан зан үйлийг хүндтэй үйлддэг. Энэ өдөр хонь /13.40-15.40/ цагт идээгээ засна. Тахиа /17.40-19.40/ цагт
битүүлж эхэлдэг.
Туулай /5.40-7.40/ цагт босож, луу /7.40.9.40/ цагт
мөрөө гаргадаг
уламжлалтай.
Битүүнд 17.40-19.40 цагийн хооронд хүндэтгэлийн ширээндээ идээгээ залж ариулдаг. Үүний дараа тухайн айлын гэрийн эзэгтэй шинийн нэгний өглөө өмсөх хувцас тэргүүтнийг бэлтгэж, тавьдаг уламжлалтай.
Унтахын өмнө гэрийн эзэгтэй долоон бурхан одонд залбирч, сүү өргөх ёстой. Битүүлэгний дараа Лхам бурхан айлд морилж ирдэг гэж ярьдаг. Тиймээс Лхам бурхны хүлэгт зориулж өвс, гурван мөс, цасыг тотгон дээрээ тавьдаг.
Битүүнд уурлах, архи уух, хашгирах, нохой, мал амьтныг зодож үргээх, угаасан хувцас гадаа хонуулах болон сэвлэгийг нь үргээгээгүй хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэдэг. Мөн өр, авлагын асуудлаа ч цэгцлэх ёстой.
Малыг цадтал нь
идээшлүүлж, нохойг сайн хооллох учиртай. Битүүний шөнө уур дуугаргаж, утаа гаргасан тоонот
өргөөтэй, тотгот босготой ямар ч хүн заавал гэртээ хонодог. Ам цагаан хулганыг
морилон орж ирэх /23.40 цагт/ үед гэртээ идээ будаа элбэг дэлбэг байвал
дараагийн 365 хоногт өлсөж, цангахгүй гэдэг.
Битүүний
орой айлд зайлшгүй хонох шаардлага гарч болно. Ингэхдээ ам
бүлийнхээ тоогоор тахилынхаа цөгцөд дүүрэн зултай байх ёстой. Битүүний орой унтахдаа
заавал өрхөө тэгшилж унтана. Орон сууцны айлууд хөшгөө хаах хэрэгтэй.
Тавгийн идээгээ засахдаа
хэвийн боовыг 3-7 үе засна. Эгэл жирийн ард 3-5 үеэр тавгийн идээгээ засдаг. Аав нь
амьд байхад ааваасаа өндөр идээ тавьдаг бүстэй хүүхэд байдаггүй. Ааваасаа өндөр
идээ засвал аавтайгаа суудал булаацалдсан болдог бөгөөд ааваасаа түрүүлж
хорвоог
орхидог гэдэг билээ. Хэрэв
аав нь бурхан болсон тохиолдолд насныхаа эрэмбээр хамгийн том ах нь аавынхаа
засаж байсан үеэр идээгээ засна. Тэгээд бусдадаа аавынхаа захисан сургаалаар сургамж
хайрладаг.
Цагаан сараар хүмүүс үндэсний хувцас дээл, малгайгаа өмсөж, ахмад настандаа золгоно. Зочилж ирсэн хүн бүрийн гарыг цайлгаж, заавал хоёр зүйлийг бэлэг болгон өгөх ёстой. Хүнд нэг юм өгдөггүй билээ.
Шинийн нэгний өглөө өрхийн тэргүүн болон бүстэй хүүхэд зүгээ гаргадаг уламжлалтай.
Шинийн нэгний өглөө 7.40-9.40 цагт золгодог. Золгохдоо хэнийг ч ялгахгүйгээр бүх хүнийг хоёр хацар дээр
нь заавал үнэрлэн
үнсдэг. Харин энэ өдрөөс хойш өөрийн хүүхэд болон ойрын
садан төрлөө л үнсдэг. Золгосны дараа хангай дэлхийдээ идээ цайныхаа дээжийг
өргөдөг юм.
Тухайн
жилийн цагаан сараар аав ээж нь хол, шинийн нэгэнд
золгож чадаагүй бол шинийн 3, 8, 15 эсвэл зуны эхэн сарын шинийн 15-нд учран
золгох учиртай.