Д.Трамп: Канад, Мексикийн бараанд татвар ногдуулах шийдвэр хэрэгжиж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-03-04 11:44:13

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 4 /DW/. Мексик, Канадын бараанд 25 хувийн татвар ногдуулах шийдвэр хэрэгжиж эхэлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгджээ. Өнгөрсөн сарын эхээр хэрэгжилтийг нь 30 хоногоор хойшлуулсан шийдвэр орон нутгийн цагаар мягмар гаргаас хэрэгжиж эхлэх ёстой юм. 


Д.Трамп Хойд Америкийн хоёр улсаас нийлүүлэх бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах шийдвэрийн хэрэгжиж эхлэх үргэлжлүүлэн сунгахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, татвар ногдуулах шийдвэр маргаашаас хэрэгжиж эхэлнэ гэжээ.


Мөн ирэх дөрөвдүгээр сарын 2-ноос АНУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж буй орнуудын эсрэг харилцан татвар ногдуулна гэж Д.Трамп мэдэгдсэн байна. Тэрбээр хоёр хөрш орноос гадна хоёрдугаар сард Хятадын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн нэмэлт татвар ногдуулсан юм.


Вашингтоны засаг захиргаанаас гаргаж буй эдгээр шийдвэр нь Хойд Америкт худалдааны дайн үүсгэнэ гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Д.Трамп мөн Европын Холбооноос нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд байгаа юм.


Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ. “Америкийн татвар өнөө шөнө хэрэгжиж эхлэх юм бол Канад улс маргааш өглөөнөөс Америкийн 155 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна” гэж тэрбээр хэлжээ. Мөн Вашингтоны үйлдлийг “зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй” гэж нэмж хэлсэн байна.


Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли даваа гарагт мэдэгдэхдээ, Вашингтоны арга хэмжээнд Канад хариу өгөхөд бэлэн байна гэлээ. “Хэрэв Трамп татвар ногдуулах юм бол бид бэлэн байна” гэж тэрбээр хэлэв. Оттава өнгөрсөн долоо хоногт Д.Трампын засаг захиргаанд хилийн төлөвлөгөөгөө танилцуулсан гэдгийг тэрбээр мөн дурдсан байна. Д.Трамп АНУ-ын хөрш орнуудаас хилийн аюулгүй байдлыг сайжруулж, фентанил зэрэг хууль бус мансууруулах бодисны наймаатай тэмцэх чиглэлд шаргуу ажиллахыг шаардсан юм. 

Холбоотой мэдээ