М.Саакашвилид есөн жилийн хорих ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-03-12 16:25:59

ТБИЛИСИ, 2025 оны гуравдугаар сарын 12 /TASS/. Тбилиси хотын шүүх улсын 3.2 сая гаруй ам.долларыг шамшигдуулсан хэрэгт буруутай гэж үзээд Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвилид есөн жилийн хорих ял оноосон тухай телевизийн "Мтавари архи" суваг мэдээлжээ.


Мөн Саакашвилигийн хамгаалалтын албаны дарга асан Теймураз Жанашиаг буруутай гэж үзсэн бөгөөд тэрбээр 3000 ларигийн (1000 гаруй ам.доллар) торгууль төлж ялаас чөлөөлөгдсөн байна.


Саакашвили шүүхийн шийдвэрийг танилцуулсан хуралдаанд биечлэн болон дүрс бичлэгээр ч холбогдож оролцоогүй байна. Шүүгчийн хэлснээр, Ерөнхийлөгч асан эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцохоос татгалзжээ. Шүүхийн шийдвэр танхимд байсан Саакашвилигийн талынхны дургүйцлийг төрүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид тэднийг албадан гаргахад хүрчээ.


М.Саакашвилиг улсын хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт 2014 онд буруутгасан юм. Ерөнхий Прокурорын газрын мэдээлснээр, энэ мөнгөн дүнгийн нэлээд хэсгийг 2009-2012 онд "гадаадын тогооч, илээч бариач, гоо сайханч, загвар зохион бүтээгчдэд үйлчилгээний хөлсийг төлөх", түүнчлэн гадаад айлчлалын үеэр тансаг зэрэглэлийн бараа худалдан авах, дарвуулт онгоц, нисэх онгоц түрээслэх, дагалдах хүмүүсийн зардлыг төлөх” зэргээр зарцуулсан байна.


Украины давхар иргэншилтэй Саакашвили 2013 онд Гүржээс гарч явсны дараа түүнд дөрвөн хэрэг үүсгэн, гурав ба зургаан жилийн хорих ялыг тус тус эчнээ оноожээ.


Мөн 2007 оны 11 дүгээр сарын 7-нд болсон сөрөг хүчний жагсаалыг тараасан, Гүржийн "Имеди" телевизийн оффисыг сүйтгэсэн, төрийн мэдлийн 9 сая орчим ларигийн (3.2 сая гаруй ам.доллар) хөрөнгийг шамшигдуулсан хэргүүдийг нь хянан хэлэлцэж байгаа ажээ. 2021 оны 10 дугаар сард М.Саакашвили Гүржид нууцаар ирэх үедээ баривчлагдаж, улмаар хилээр хууль бусаар нэвтэрсэн гэх хэрэгт буруутгагджээ. 2022 оны тавдугаар сард биеийн байдал нь муудсан тул түүнийг Тбилисийн "Вивамед" хувийн эмнэлэгт хүргэсэн байна.

Холбоотой мэдээ