Баянзүрх дүүрэгт 30 айл хийн түлшний зуух суурилуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-16 11:14:46

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилготой Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VII хуралдаан боллоо.


Хуралдаанаар Туулын болон Тойрог хурдны зам, Босоо тэнхлэгийн экспресс замын төсөл, Ногоон бүсийн гэр хорооллын өрх айл, орон сууцны дулаалга, нийтийн тээврийн зарим төслийн талаар хэлэлцжээ. Хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Төгсжаргалынд очсон байна. Тус айл нь хийн түлшний зуух суурилуулаад долоо хонож буй аж.


Нүүрс, үнстэй зууралдахгүй, цэвэрхэн, тохитой байхаас гадна гэрийн дулаан алдалтаа бүрэн шийдэж чадвал бага зардлаар дулаан байх бүрэн боломжтойг Б.Төгсжаргал ярьжээ. Тус дүүргийн 30 гаруй айл өрх ийм зуухтай болсон байна. Цаашид бусад дүүрэгт зорилтот бүсийн айл өрхийг хийн түлшинд хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөснөө нийслэлийн удирдлагууд энэ үеэр танилцуулав.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярихдаа, “Дулаан гэрийн стандарт бий болгож, өртөг багатай, иргэдийн худалдан авах чадварт нийцсэн дулаалгын технологи, материалуудыг олон нийтэд танилцуулах нь зүйтэй. Мөн нийслэлд хэрэгжүүлэх томоохон төсөл, арга хэмжээний явцыг эрчимжүүлж, уялдаа холбоотой, шуурхай ажиллах шаардлагатай байна. Агаарын бохирдол, түгжрэл зэрэг хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд энэ хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстой” хэмээв.




Холбоотой мэдээ