Хилсээр шийтгүүлсэн Японы иргэнд 1.4 сая долларын нөхөн төлбөр олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО, 2025 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Хилс хэргээр шийтгэгдэж, 50 орчим жилийг цаазлуулах ялтнуудын өрөөнд өнгөрүүлсэн иргэнд 217 сая иенийг /1 сая 440 мянган ам.доллар/ нөхөн төлбөр болгон олгохоор Японы шүүх шийдвэрлэжээ.
Хилс хэрэгт холбогдсон Хакамада Ивао
гэдэг энэ хүн 1966 онд Японы төвийн нутгийн Сизүока мужид нэг гэр бүлийн дөрвөн
хүний амийг хөнөөсөн хэргээр цаазын ял сонссон байна.
Мөрдөгчид нотлох баримтыг
хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэх сэжиг таамаг үүссэний дараа уг хэргийг нарийвчлан
шалгаж, шүүхээр дахин хэлэлцсэн бөгөөд Иваог 2014 онд шоронгоос суллаж, улмаар
өнгөрсөн онд цагаатгасан юм.
Сизүокагийн тойргийн шүүхээс 47
жил 7 сарын хугацааг цаазлуулах ялтнуудыг хорих өрөөнд өнгөрүүлсэн Хакамадад
нөхөн төлбөр олгох тогтоолыг даваа гарагт баталсан байна.
Түүний өмгөөлөгчдийн нэг Огава
Хидэё мягмар гарагт мэдэгдэхдээ, Японы түүхэн дэх хамгийн их хэмжээний нөхөн
төлбөр нь Хакамадагийн зовлон шаналлыг бага ч гэсэн нимгэлэх болов уу гэлээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “47 жилийн туршид Хакамадагийн туулж өнгөрүүлсэн зовлон
зүдгүүр, түүний биеийн байдлыг харгалзан үзвэл, их хэмжээний мөнгөөр ч залруулах
боломжгүй алдааг төр хийжээ” гэсэн байна.
Огава шүүхийн шийдвэрийг Иваогийн эгч болох Хакамадад Хидэкод утсаар дуулгажээ.
Цагаатгах тухай тогтоолд “мөрдөн байцаагчид нотлох баримтыг мушгин
гуйвуулж, сэжигтнийг хүний ёсны гадуур байцаан тамласан” гэдгийг хүлээн зөвшөөрсөн
тул төр ба
Сизүока мужийн учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Иваогийн өмгөөлөгчид шүүхэд
нэхэмжлэл гаргахаар төлөвлөж байна.