ГОВЬ-АЛТАЙ: Дадлага, сургуульд 18455 хүн хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуульд 18455 хүн хамрагдлаа.
Говь-Алтай аймгийн хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор гуравдугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт бүх нийтийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль зохион байгууллаа.
Мөн үеэр “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол” аяны нээлтийг хийсэн юм. Иргэд, олон нийт, оюутан сурагчдад өөрийнхөө бэлэн байдлаа үнэлж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах дадал хэвшил бий болгох зорилгоор гуравдугаар сарын 27-ны өдөр ийнхүү албан ёсоор эхлүүллээ.
Уг аяны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Л.Насанбуян, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ц.Лувсанжамц болон төрийн болон төрийн бус байгууллагын нийт 213 албан хаагч, Есөнбулаг сумын таван сургуулийн 127 сурагч оролцов.