СЭЛЭНГЭ: "Атрын IV" аяны хүрээнд нутагшсан сортын үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны
гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас “Атар IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг улсын хэмжээнд 4 жилийн хугацаатайгаар
эрчимжүүлэн хэрэгжүүлэхээр зарлаад байгаа.
Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж
буй “Атрын IV" аяны хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын
зөвлөгөөнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгууллаа.
"Атрын IV" аян ухаалаг, дэвшилтэm технологид суурилж,
дотоодын хүнс, тэжээлийн хэрэгцээг хангахаас гадна экспортын чиг баримжаанд
төвлөрсөн газар тариалан, эрчимжсэн мал ахуйн хослолыг бий болгох үндсэн
зорилготой юм.
Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ болон
УИХ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцож ХАА-н салбарыг хөгжүүлэхэд баримталж буй
бодлого, авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгсөн.
Зөвлөгөөний үеэр энэхүү аяныг бүсчилсэн хөгжлийн бодлогын
хүрээнд хотоос хөдөөд шилжих залуу гэр бүлийг газар тариалан эрхлэхэд дэмжлэг
үзүүлэх, орон сууцжуулалтын бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ гэдгийг Монгол
Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгосон юм.
“Атрын-IV” аяныг
хэрэгжүүлснээр 200.0 мянган га талбайг шинээр тариалангийн эргэлтэд
оруулж, нийт эргэлтийн талбайг 1.2 сая га-д хүргэх, техник, тоног төхөөрөмжийн
шинэчлэлийг үргэлжлүүлж, ухаалаг газар тариаланг хөгжүүлэн, усалгааны дэвшилтэт
технологи нэвтрүүлж, тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бүс
нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон нутагшсан сортын үрээр дотоодын
хэрэгцээг бүрэн хангах зэрэг олон ажил хийхээр төлөвлөсөн байна.
Уг зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрийн салбарын 600 гаруй төлөөлөгч оролцлоо.