Курдийн ажилчны намыг тараана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /TASS/. Турк улсад хориглож, террорист байгууллагуудын жагсаалтад оруулаад буй Курдийн Ажилчны Намыг (КАН) тараах шийдвэрийг дөрөвдүгээр сарын сүүлчээр гаргахаар төлөвлөж байгаа тухай засгийн газрыг дэмжигч “Hürriyet” сонинд мэдээлжээ.
Эрх баригч Шударга ёс ба хөгжлийн намын төлөөлөгч Омер Челик даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, олон жилийн турш үргэлжилсэн курдүүдийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд энэ сард мэдэгдэхүйц ахиц гарч магадгүй гэжээ. Үүнтэй төстэй байр суурийг курдүүдийн талыг баримтлагч DEM намын төлөөлөгчид мөн илэрхийлсэн бөгөөд тэд террорист үйл ажиллагаа явуулсан хэргээр бүх насаараа хоригдох ялаа эдэлж буй КАН-ын удирдагч Абдулла Өжалантай дөрөвдүгээр сарын 22-нд буюу мягмар гарагт уулзсан байна.
"Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган КАН-ыг тараах шийдвэрийг дөрөвдүгээр сарын сүүлчээр гаргах гэж байгаа талаар урьдчилан мэдээлэл авсан тухай эрх баригч Шударга ёс ба хөгжлийн намын хүрээнд ярьж байна" гэж "Hürriyet" сонины тоймч Абдюлькадир Сельви бичжээ.
Гол хүчээ Иракт төвлөрүүлдэг КАН Иракийн курдүүдийн хот болох Сүлейманияд их хурлаа тавдугаар сарын 5-нд зохион байгуулж, намыг тараах асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна гэж "Sözcü" сонинд өмнө нь бичиж байсан юм. Тус хэвлэлд бичсэнээр, зэвсгээ хураалгах, намыг татан буулгах үйл явц зургаадугаар сард дуусах төлөвтэй байна.
Гантиг тэнгисийн Имралы арал дээр хоригдож буй Абдулла Өжалан өнгөрөгч хоёрдугаар сард КАН-тай холбоотой зэвсэгт бүлэглэлүүдэд хандан зэвсгээ хураалгаж, Турктэй үүсгэсэн зөрчилдөөнөө зогсоож, КАН-ыг тараахыг уриалжээ. Энэ уриалгын хариуд тус нам гал зогсоож байгаагаа гуравдугаар сарын 1-ний өдөр зарлаж, намыг тараах асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Туркийн засгийн газар ба КАН хоорондын зөрчил 1984 оноос хойш үргэлжилжээ. Туркийн эрх баригчдын зүгээс тус намыг үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй хүч гэж үздэг бөгөөд тус намыг дэмжигчдийн эсрэг ажиллагааг дотоодод төдийгүй Ирак, Сирийн хойд нутагт явуулдаг.