БАЯНХОНГОР: "Тэргүүн Богд" дэвжээнийхэн наадмын бэлтгэлээ эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханы тэргүүлдэг аймгийн Үндэсний бөхийн холбоо, Баянхонгор аймгийн харьяат бөхчүүд оролцсон томоохон хуралдааныг Баянхонгор хотноо зохион байгуулжээ.
Хуралдаанаар Баянхонгор аймгийн "Их Богд" дэвжээ, "Хонгор нутаг" дэвжээний бөхчүүд 100 хувь саналаар нэгдэж, нэг гал болон бэлтгэлдээ гарч, төрийн наадамдаа нэг дэвжээнээс уригдан зодоглохоор болсон байна.
Нэгдэн нийлсэн дэвжээг "Тэргүүн богд" гэж нэрлэхээр тогтож, тэргүүнээр аймгийн Засаг дарга, Үндэсний бөхийн холбооны тэргүүн Д.Мөнхсайханыг, удирдах зөвлөлийн гишүүнээр нэр бүхий есөн бөхийг нэр дэвшүүлэн сонгожээ. "Тэргүүн Богд" бөхийн дэвжээний бөхчүүдийн анхны нэгдсэн бэлтгэл дөрөвдүгээр сарын 29-нд болсон байна.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Үндэсний бөхийн холбоо, "Тэргүүн Богд" дэвжээ хамтран энэ сарын барилдааныг Богд сумын нэрэмжит болгон зохион байгуулж, улс, аймгийн алдар цолтой 64 бөх зодогложээ. Барилдаанд Жинст сумын харьяат, "Тэргүүн Богд" дэвжээний бөх Монгол Улсын Начин Э.Батмагнай түрүүлж, Баянбулаг сумын харьяат, "Тэргүүн Богд" дэвжээний бөх Монгол Улсын Үнэн зоригт харцага Н.Золбоо үзүүрлэж, Жинст сумын харьяат, "Тэргүүн Богд" дэвжээний бөх аймгийн арслан Т.Дүүрэнсаран, Баян-Өндөр сумын харьяат "Тэргүүн Богд" дэвжээний бөх аймгийн арслан Т.Баттогтох нар их шөвөгт шалгарчээ.