Шинэ папыг сонгох зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАТИКАН, 2025 оны тавдугаар сарын 8 /Reuters/. Хамгийн олон газар орноос ирсэн хүмүүсийг хамруулсан, католик шашны түүхэнд хамгийн нүсэрт тооцогдох конклав буюу шинэ папыг сонгох зөвлөгөөн пүрэв гарагт хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Улаан малгайт хамба нар лхагва гарагт
дэлхийн 1.4 тэрбум католик шашинтнуудыг тэргүүлэх шинэ удирдагчийг сонгох үйл явцыг эхлүүлсэн юм. Энэ орой Гэгээн
Петрийн талбайгаас харагдах тусгайлан суурилуулсан яндангаас хар утаа гарсан нь санал хураалт ямар нэгэн үр дүнд хүрээгүйг илтгэв.
Орчин үед пап ламыг эхний оролдлогоор сонгоогүй тул ийм
үр дүн гарахыг олон нийт
таамаглаж байлаа. Гэхдээ сүүлийн үеийн түүхийн хуудсыг сөхөн үзвэл, эцсийн дүн хоёр дахь өдөр гарах магадлалтай бөгөөд энэ өдөр
дөрөв хүртэлх шатны санал хураалт явагдах боломжтой байдаг.
Нууц санал хураалтад 70 орны 133 кардинал оролцож байгаа нь түүхэн дээд үзүүлэлт болж байна. 2013
онд болсон сүүлчийн зөвлөгөөнд 48 улсаас 115 төлөөлөгч ирж байсантай харьцуулахад ийнхүү өссөн нь талийгаач
Пап лам Францис 12 жил ажиллахдаа Сүмийн цар хүрээг тэлэх хүчин чармайлт гаргасан нь үр дүнгээ өгснийг илтгэж байна.
Өнгөрсөн сард таалал төгссөн аргентин гаралтай Францис таван шатны санал хураалтын эцэст хоёр дахь өдрийн төгсгөлд сонгогдож байлаа. Харин түүнээс найман жилийн өмнө Германы XVI Бенедиктийг пап ламаар сонгоход хоёр өдрийн хугацаанд дөрвөн санал хураалт явуулсан байна.
Сүмээс цагаан
утаа гарах нь шинэ
удирдагчийг сонгосны дохио болох юм.
Папаар сонгогдох өндөр магадлалтай байгаа тодорхой нэр дэвшигч байхгүй боловч Францисын удирдлага дор Ватиканы хоёр дахь өндөр албан тушаалыг хашиж байсан
Италийн кардинал Пьетро Паролин, Филиппиний кардинал Луис Антонио Тагле нар сонгогдох магадлалтай хүмүүсийн тоонд багтаж байна.
Нууц зөвлөгөөний үеэр кардиналуудыг дэлхийгээс тусгаарлаж, нууцыг хадгалах тангараг өргүүлж, утас, компьютерыг нь хураан авдаг бөгөөд тэд санал өгөх Систины сүм ба унтаж амарч, зоог барих Ватиканы хоёр зочид буудлын хооронд зорчдог байна. Зарим католик шашинтнууд илүү нээлттэй болох, шинэчлэл хийхэд чиглэсэн Францисын үзэл баримтлалыг үргэлжлүүлэхийг уриалж байсан бол зарим нь цагийг ухрааж, уламжлалаа хадгалахыг хүсэж байна. Мөн үг, үйлдлийг нь урьдчилан таамаглах боломжтой пап лам сонгогдоосой гэж хүсэж байгаагаа зарим хүн илэрхийлж байгаа ажээ.