Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-21 12:43:34

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа. 


Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр хуралдааны тэмдэглэлээр зах зээл дэх ноолуурын үнийн бодит байдлыг харгалзан ноолуурын худалдан авалтыг дэмжиж, жилийн 12 хувийн хүүтэй, 500 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний энгийн вексель гаргахыг даалгасан юм. Энэ хүрээнд ноолуурын зах зээлийн өнөөгийн байдлын талаар үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоо, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, ноолуур бэлтгэлийн явц, бизнесийн орчин, түүхий эдийн худалдан авалт, дотоод гадаад зах зээлийн чиг хандлага, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцлээ.


Үйлдвэрлэгчдээс баруун бүсийн ноолуурын эргэлтийн хөрөнгийн хэмжээ дутагдалтай талаар болон үнийг тогтворжуулах, малчдаас ноолуур худалдан авах, векселийг хэрхэн мөнгөжүүлэх, түүхий эдийг барьцаалах зэрэг асуудлыг хөндсөн байна. Монгол Улс ноолуурын салбарт анх удаа түүхий эдийн 50 хувийг бэлтгэж эхэлсэн бөгөөд цаашид түүхий эдийг 100 хувь бэлтгэн авах, ноолуурын үнийг тогтвортой барих, үйлдвэрлэлийг тасралтгүй явуулж, үүсэх хүндрэлийг эрсдэл багатай даван туулах талаар ярилцаж, салбарын эдийн засгийг тэлэх, хөгжүүлэхэд талуудын хамтын ажиллагаа чухал байгааг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд онцолсон гэж ЗГХМОНХГ-аас мэдээлэв. 

 

Холбоотой мэдээ