Германы Канцлер Ф.Мерц АНУ-д айлчлахаар хүрэлцэн иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 5 /DW/. ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц анхны албан ёсны айлчлал хийхээр Вашингтон хотод пүрэв гарагт шилжих шөнө хүрэлцэн иржээ.
Тэрбээр Канцлераар томилогдсоноосоо хойш дөрвөн долоо хоногийн дараа анх удаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд уулзана. Хоёр удирдагчийн уулзалт орон нутгийн цагаар пүрэв гаргийн үдээс өмнө болох ажээ. Удирдагчид уулзалтын дараа Зууван танхимд хэвлэлийнхэнд хандан мэдэгдэл хийнэ.
Ф.Мерц, Д.Трамп нар Украины дайныг зогсоох талаар гаргах хүчин чармайлт, өсөн нэмэгдэж буй гаднын аюул заналд үзүүлэх НАТО-гийн хариу арга хэмжээ, мөн АНУ, Европын Холбооны хооронд үүсээд буй гаалийн тарифын маргааныг хэлэлцэх төлөвтэй байна.
Тэрбээр Д.Трамптай өмнө нь ганцхан удаа олон жилийн өмнө Нью-Йоркт уулзаж байсан юм. Харин дөрвөн долоо хоногийн өмнө үүрэгт ажилдаа орсноос хойш Д.Трамптай ганцаарчилсан болон Европын бусад удирдагчийн хамт өргөн бүрэлдэхүүнтэй хэд хэдэн удаа утсаар ярьж, Украины дайны талаар хэлэлцжээ. Одоо Ф.Мерц, Д.Трамп нар бие биеэ нэрээр нь дуудаж, мессежээр тогтмол харилцдаг болжээ.
Канцлер АНУ-ын нийслэлд 17 цаг орчим саатах бөгөөд ирэх зургаадугаар сард Ф.Мерц, Д.Трамп нар дахин хоёр удаа уулзана. Эхний уулзалт Канадад “Долоогийн бүлэг"-ийн (G7) дээд хэмжээний уулзалтын үеэр болох хоёр дахь уулзалтыг сарын сүүлээр Нидерландад НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр хийх ажээ.