Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 12 дугаар сард ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-14 16:07:27

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 12 дугаар сард ашиглалтад оруулахаар 1000 орчим инженер, техникийн мэргэжилтэн ажиллаж байна.


Улаанбаатар хотын эрчим хүчний систем 2023-2024 онд шилжих өвөл 200 МВт чадлын дутагдалд орсныг тус станцын 150 МВт хүчин чадалтай I блок, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей станцыг 2024 онд ашиглалтад оруулснаар нөхсөн билээ. Бөөрөлжүүтийн цахилгаан станц Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горим, төлөвлөгөөний дагуу цахилгаан эрчим хүчний захиалгыг тасралтгүй биелүүлэн төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлдэг. Одоогоор 350 сая киловатт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, нийслэл төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлээд байна. Ирэх өвөл эрчим хүчний чадлын дутагдалд орох эрсдэлтэй тул үүнийг нөхөхөд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок болох 150 МВт станц чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь Улаанбаатар хот 2024 онд дотоодын зах зээлд бонд гаргаж, эрчим хүчний салбарт 350 МВт станц барихад хөрөнгө оруулсны үр дүн. Үргэлжлүүлэн Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай III, IV блокийг барихаар хэлэлцээр хийж байгаа аж.



Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар дээрх станцад ажиллах үеэрээ, “Дулааны III цахилгаан станцад осол гарч, хэд хэдэн турбин генератор гэмтсэн. Мөн Эрдэнэтийн ДЦС-ын 12 МВт зогссон мэдээлэл авсан. Энэ жил Хүннү хотод 300 МВт нарны, 90 МВт батарей станц хосолсон сэргээгдэх эрчим хүчний төслийн тендер шалгаруулалтыг зарласан. Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг шатааж, 34 МВт эрчим хүч гаргаж авах төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг шалгаруулж байгаа. Мөн хотын бохирын үнэрийг шийдэхээр Төв цэвэрлэх байгууламжийн лагийг шатааж 10 МВт эрчим хүч үйлдвэрлэх төслийн хөрөнгө оруулалтыг босгож байна. Долоодугаар сарын эхээр ТЭЦ-5 төслийн тендер сонгон шалгаруулж дуусна” гэв.


Багануур дүүргийн нутаг дэвсгэрт нийслэлийн 100 хувийн өмчлөлийн батарей станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. 



Холбоотой мэдээ