ЗАВХАН: Нийт нутгийн 35 хувьд зудын эрсдэл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-24 17:07:37

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймаг зудын урьдчилсан төлөвийн зургаар 11 дүгээр сард нутгийн 1 хувьд нэн их, 35 хувьд их, 36 хувьд дунд зэрэг, 28 хувьд бага эрсдэлтэй байхаар үнэлэгджээ.

Зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлтаар үнэлдэг.


Мөн цасны бүрхэц, зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн сарын урьдчилгаатайгаар тооцоолон гаргалаа.


Завхан аймаг зудын давтамж маш өндөр аймгуудын тоонд багтаж байна. Тиймээс мал бүхий иргэд малчид өвлийн бэлтгэлийг сайн базаах, аймаг, сумын удирдлагууд бодлогоор бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй юм.


Завхан аймгийн хэмжээнд нийт нутгийн 60 орчим хувьд зуншлага хэвийн, 40 орчим хувьд дунд зэрэг байв. Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас оруулах ажлыг 21 удаа явуулсан байна гэж аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.


Завхан аймгийн сүүлийн 30 жилийн датаг үзэхэд 3 жил тутам зуд болжээ. ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн эрдэмтэн С.Сайнбаяр, Б.Эрдэнэтуяа, Б.Хулан, Ш.Оюунтуяа нар “Монгол орны мал аж ахуйн салбарт зудын давтамжийн үзүүлж буй хохирлын үнэлгээ” хэмээх өгүүллийг 2021 онд бичиж байжээ.


Энэхүү өгүүллийг харахад 1990-2020 оны дата дээр үндэслэн Завхан, Хөвсгөл, Төв, Дорнод аймагт 3 жил тутам зуд болсон гэж дүгнэсэн байна. Зудыг дагаж их нүүдэл, шилжилт хөдөлгөөн болдог. Эдийн засагт их хохирол учирдаг.


Сүүлийн 30 жилд зудын улмаас 21.1 сая толгой мал хорогдсон. Эдийн засагт үзүүлэх шууд хохирол нь 860 тэрбум гэж энэ өгүүлэлд дурдсан байна. Тиймээс аймаг сумаас жил бүр өвөл, хаврын бэлтгэлийг хангуулах ажлыг эрчимжүүлэх, өвс тэжээлийн нөөцийг хангалттай бэлтгэх ажлыг хийж байна.


Ирэх өвөл, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд аймгийн аюулгүйн нөөцөд 648 тн бүдүүн тэжээл, 562 тн хүчит тэжээл, 94 тн эрдэс бэлтгэсэн. Сумдын аюулгүйн нөөцөд 1296 тн бүдүүн тэжээл, 1123 тн хүчит тэжээл, 1.86 тн эрдэс бэлтгэжээ.


Малчид, мал бүхий иргэд 5789 тн өвс, 1559 тн ногоон тэжээл, 145.9 тн үйлдвэрийн тэжээл, 664 тн хужир шүү, 22.9 тн гар тэжээл бэлтгээд байна гэж аймгийн ЗДТГ-аас нэмж мэдээлэв.



Холбоотой мэдээ