Хуульчдын тэмцээнд Өмгөөлөгчдийн холбоо түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-21 12:47:42

Хуулийн төв байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэдгээрийн дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, шилдэг баг, тамирчдыг тодруулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хуулийн төв байгууллагуудын дундах спортын их наадам" энэ жил "Монгол Улсад хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой"-н хүрээнд болов.

Тэмцээн энэ сарын 11-20-ны өдөр болж Хууль зүй дотоод хэргийн яам, ШЕЗ, УЕПГ, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр, Монголын Хуульчдын холбоо, МӨХ, Хууль зүйн үндэсний хүрээлэн гэсэн 7 байгууллагын баг тамирчид шатар, ширээний теннис, биллъярд, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Сагсан бөмбөгийн төрөлд манай Хууль зүй дотоод хэргийн яамны баг тамирчид хүрэл медаль хүртэж хамт олноо баярлууллаа. Харин нийлбэр дүнгээр Монголын өмгөөлөгчдийн холбоо тэргүүн байрын шагнал “Шилжин явах цом”-ын эзэн болсон бол 2-р байранд Улсын Ерөнхий прокурорын газар 3-р байранд Монголын хуульчдын холбоо орлоо. Энэ жилийн "Хуулийн төв байгууллагуудын дундах спортын их наадам"-ыг хуваарийн дагуу Улсын Ерөнхий прокурорын газар зохион байгуулсан бол ирэх 2017 оны тэмцээнийг Хууль зүй дотоод хэргийн яам зохион байгуулахаар боллоо. Үүнтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгаланд спортын их наадмын билэгдэл болох тугийг хүндэтгэлтэйгээр гардуулсан юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ