Ханиад томууны 10 нэр төрлийн эмийн үнийг 100 хувь хөнгөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-09 11:41:45

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс улсын хэмжээнд ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан тав хүртэлх насны хүүхдэд өгөх 10 нэр төрлийн эм, 30 бэлдмэлийн үнийг 100 хувь хөнгөлөх болж, жагсаалтыг баталсан талаар өнөөдөр ХНХЯ-наас мэдээлэв.

Үндэсний зөвлөлийн тогтоолоор Ампициллин (Х), Амоксициллин (Х), Тетрациклин, Сальбутамол, Ибупрофен, Парацетамол, Азитромицин, Амброксол, Ацетилцистейн, Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз зэргийн үнийг 100 хувь хөнгөлсөн байна. Тогтоол энэ оны гуравдугаар сарын 01 хүртэл үйлчлэх юм.

Улсын хэмжээнд нийт эмнэлгээр үйлчлүүлэгсдийн 6.2 хувь нь томуу, томуу төст өвчний оношоор оношлогджээ. Ханиад томуугаар өвчилсөн иргэдийн 69.9 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Түүнчлэн Улаанбаатар хотод амбулаториор үйлчлүүлсэн нийт хүний 7.3 хувь, 21 аймгийн амбулаторийн 5.3 хувь нь томуу, томуу төст өвчний оношоор оношлогдож, өвчлөлийн тоо өмнөх 7 хоногоос 0.8 хувиар нэмэгдсэн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ