Дархан-Уул аймаг 2017 оны төсвөө тодотгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-18 00:27:35

Дархан-Уул аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус зургадугаар хуралдаан болов.

Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ “Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид аймаг, орон нутгийн нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж орон нутгийн төсвийн орлогыг оновчтой зөв хуваарилж үр ашигтай ажиллах төрийн үйл ажиллагаанд иргэдийн санал санаачлага, оролцоог нэмэгдүүлж тэдний аж амьдралыг сайжруулахад туслалцаа үзүүлж ажиллах нь бидний эрхэм зорилт. “Монгол Улсын Төсвийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.2.3-д заасны дагуу урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдсэнээр орон нутгийн төсвийн алдагдал нэмэгдэх нөхцөл байдал бий болж уг хуулийн 34 дүгээр зүйлийн 2-д зааснаар аймгийн Засаг дарга тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, ИТХ-д өргөн мэдүүлсэн ба орон нутгийн төсвийн үлдэгдлээс санхүүжүүлэх зарлагыг төсөвт тусган баталж хэрэгжүүлэх шаардлага гарсан тул 2017 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай боллоо” гээд иймд өнөөдрийн хуралдаанаар “Аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх тухай” асуудлыг хэлэлцүүлж Төлөөлөгчдийн саналыг тусгасны үндсэн дээр тодорхой шийдвэр гарган хэрэгжүүлж ажиллах болно” гэв.

Мөн “Аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх тухай” аймгийн Засаг дарга С.Насанбат илтгэсэн бол уг төсвийн тодотголд аймгийн Аудитын газраас өгөх саналыг аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх Аудитор Ч.Чүлтэмбат, аймгийн ИТХ-ын “Өмч төсөв, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороо”-ны дүгнэлтийг тус тус танилцууллаа. Хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс Нутгийн өөрөө ёсны байгууллагын чадавхыг дээшлүүлэх, Дархан сумын 30, тавдугаар сургуулийн төсөв, ажилчдын цалингийн асуудлыг шийдвэрлэх, сумдын Засаг дарга нар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа ГХБХБГ-аас заавар зөвлөгөө авч ажиллах, НӨАТ-ын хэрэгжилтийг улам сайжруулах замаар орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, үүний тулд томоохон худалдааны төвүүдэд НӨАТ-ын баримт хэвлэдэг машиныг  ажиллуулах зэрэг хэд хэдэн санал гаргав. Төлөөлөгчдийн асуултад аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс агентлагийн удирдлагууд холбогдох мэдээллүүдийг өгсөн юм. Хуралдаанаар 2017 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг 20661.7 сая, зарлагыг 19837.2 сая, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого 305.2 сая, сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1086.4 сая, сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 567.0 сая, орон нутгийн хөгжлийн санг 1469.1 сая, Улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 33114.9 сая төгрөгөөр тус тус баталлаа.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ