Халдвараас сэргийлэх албан даалгавар гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн хэмжээнд энэ сарын 25-ны байдлаар менингококкт халдварын хоёр тохиолдол бүртгэгджээ. Цаашид уг халдварын тархалт нэмэгдэхээс сэрэмжлүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгавар гарлаа.
Үүнд: Сум, багийн Засаг дарга нарт: Уг халдвараас сэргийлэх зорилгоор халдваргүйтгэл цэвэрлэгээг аж ахуйн нэгж байгууллагуудаар бүрэн хийлгэж зохих удирдлагаар хангаж ажиллах, Хүн амд менингококкт халдвараас сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа явуулж зөвлөмжийг хүргэх, Харьяа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд харах үйлчилгээ, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын менингококкт халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг өгчээ. Мөн Аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, удирдлагуудад: Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах зорилгоор ариутгал халдваргүйтгэлийн бодисоор хангах нөөц бүрдүүлэх, Өөрийн байгууллагын ойролцоох гадна орчны 50 м зайд орчны цэвэрлэгээ хийх, Дотооддоо сургалт, мэдээллийг зохион байгуулж, ажилтан албан хаагчдад уг халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох ажлыг зохион байгуулахыг даалгалаа.
Сум, багийн Засаг дарга нар, аймгийн Эрүүл Мэндийн газар, Боловсрол, Соёл, урлагийн газар, Мэргэжлийн Хяналтын газар зэрэг байгууллагуудад менингококкт халдвараас сэргийлэх ажлыг шат дараатай хийж хийсэн ажлын мэдээг ирэх сарын 14-ний дотор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтэст ирүүлэхийг үүрэг болгожээ.
Б.Норовсамбуу