“Монгол, Хятадын анхдугаар экспо"-д 8000 гаруй төлөөлөгч оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-10-26 14:21:49

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод энэ сарын 23-27-ныг хүртэл  “Монгол, Хятадын анхдугаар экспо" арга хэмжээ болж байна. 

 Анхдугаар экспо Хөх хотын зүүн хойд хэсэгт байрлах Шинэ хот тойргийн Хөх тал хурлын цогцолборын талбайд энэ сарын 23-нд нээлтээ хийсэн юм. Нээлтийн арга хэмжээ зочдыг угтах ёслолоор эхэлж, Монгол, Хятадын хувцас загварын үзүүлбэр, морины үзүүлбэрийг толилуулав.

Хоёр орны бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тус экспог БНХАУ-ын Худалдааны яам, Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хамтран зохион байгуулж буй юм. Хоёр улсын хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, зүүн өмнөд Ази, дэлхийн хэмжээнд худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, соёлын харилцааны шинэ орон зайг бий болгоно хэмээн зохион байгуулагчид нь онцолж байна. 

“Талын зам болон Торгоны замыг холбож, хамтын ажиллагааны коридорыг хөгжүүлье” уриан дор болж буй тус экспо нь зөвхөн эдийн засаг, бизнесийг тэлээд зогсохгүй боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын хамтын ажиллагааг бүх шатанд нь ахиулах боломжтой хэмээн талууд дүгнэсэн юм.

Тус экспо нь хөрөнгө оруулалт, худалдааны хэлэлцээр, үзэсгэлэн худалдаа, соёлын арга хэмжээ гэсэн 4 үндсэн, 32 дэд арга хэмжээнээс бүрдсэн. Уг арга хэмжээ нь хөрөнгө оруулалтын уулзалт ярилцлага, дээд хэмжээний 8 форум болон 11 төрлийн салбар хуралдаанаар үргэлжилж маргааш өндөрлөнө. Монголын талаас  бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллага, эрдэм шинжилгээний салбарын 800 гаруй төлөөлөгч, Хятадын 2000 гаруй худалдаа аж үйлдвэр ийн салбарынхан оролцож буй юм. Энэ үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр хоёр орны  бизнес эрхлэгчид хэрхэн хамтарч ажиллах санал солилцож гэрээ хэлцлүүд хийлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эл экспог БНХАУ-ын Худалдааны яамны Гадаад худалдааны хөгжлийн газар, ӨМӨЗО-ны Худалдааны тэнхим, Олон улсын худалдааг дэмжих хороо, Хөх хотын Ардын засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын харьяа Хөрөнгө оруулалтын газар, Аж үйлдвэрийн яамны арилжаа худалдааны бодлого зохицуулалтын газар зэрэг байгууллага дэмжин ажиллаж байгаа юм.

Анхдугаар экспод хоёр орны төлөөлөгчдөөс гадна  Солонгос, Филиппин, Герман, Франц, Орос, Япон, Австрали болон БНХАУ-ын Хонгконг, Тайвань, Макао зэрэг бүс нутгийн 8000 гаруй улс төр, бизнесийн хүрээнийхэн оролцож байна.

Дашрамд дурдахад Хятадын  талаас дээрх экспо арга хэмжээг зохион байгуулахад  үйлчилгээний  сайн дурын 500 ажилтныг бэлтгэжээ. 

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ