“Ойн мэргэжлийн байгууллагуудыг чадавхжуулах” сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-27 22:49:34
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд ойн мэргэжлийн байгууллагын магадлан итгэмжлэлийн гэрчилгээг 4 байгууллага авсан байдаг. Тус аймгийн Ерөө сумын Бугант тосгоноос хоёр, мөн Мандал сумын Түнхэл тосгоноос хоёр нийт 4 газар тус тус итгэмжлэлийн гэрчилгээг гардан авсан байдаг бөгөөд эдгээр байгууллагууд Улсын хэмжээнд анхдагч болж үлгэрлэн ажиллаж байгаагаараа онцлогтой ажээ.  
Энэ сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулагдсан Ойн мэргэжлийн байгууллагуудыг чадавхжуулах сургалтын үеэр дээрх мэдээллийг аймгийн БОГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа онцлон хэлсэн юм. Сургалтанд Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа мод бэлтгэх эрх бүхий 70 орчим байгууллагын 80 гаруй төлөөлөл, ойн нөөц бүхий сумдын Засаг дарга нар хамрагдсан нь онцлогтой байлаа. Энэ 2017 онд ойн мэргэжлийн байгууллагуудын дунд аттестатчилал явагдах бөгөөд үүнтэй холбогдуулан уг сургалтыг зохион байгуулжээ. Иймээс аттестатчлалд ойн мэргэжлийн байгууллагууд хэрхэн бэлтгэж оролцох, ойн мэргэжлийн байгууллагуудаас нэмүү өртөг шингэсэн импортын бүтээгдэхүүнийг орлохуйц хэмжээний бүтээгдэхүүнийг дотооддоо хэрхэн үйлдвэрлэж болох олон асуудлуудаар мэдээлэл зөвлөгөө өглөө.
Энэ удаагийн “Ойн мэргэжлийн байгууллагуудыг чадавхижуулах” сургалтыг аймгийн БОАЖГ, Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл ТББ, Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хамтран зохион байгууллаа.
 Ч.Отгонцэцэг

 
Холбоотой мэдээ