Бээжинд олон улсын номын яармаг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:35:26

Бээжинд болсон олон улсын номын үзэсгэлэн яармагт 82 улсын нэр хүндтэй хэвлэлийн газрын төлөөлөгчид оролцов.

Хятадын олон улсын үзэсгэлэнгийн төвийн шинэ ордонд таван өдөр үргэлжилсэн тус арга хэмжээ өнөөдөр өндөрлөв. 27 дахь удаагаа болж буй энэхүү нэр хүндтэй арга хэмжээ энэ жил “Нэг бүс нутаг, нэг зам” уриан дор болсон  бөгөөд Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Египет, Турк, Энэтхэг, Шри-Ланка, Казахстан зэрэг торгоны зам дагуух орнуудаас ирсэн хэвлэлийн салбарын төлөөлөгчид ном хэвлэл, уран зураг, урлагийн бүтээлүүдээ дэлгэн үзүүлсний зэрэгцээ Хятадын ном хэвлэлийн салбарынхантай хамтран ажиллах гэрээ хэлэлцээрүүд үзэглэжээ.

Бээжингийн номын яармаг нь өнгөрсөн жилүүдэд олон улсын хэвлэлийн салбарын чухал индэр болж хөгжсөн бөгөөд Франкфуртын, Лондонгийн, Америкийн ВЕА номын үзэсгэлэнгүүдтэй хамт нэрлэгдэхүйц соёлын арга хэмжээ болоод байгаа юм.

Б.Занданхүү. Хөххот. 2015.08.30

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд