Хичээлийн шинэ жил эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:36:41

Өнгө алаглам цэцэг барьсан хүүхдүүд, аав, ээжийнхээ гараас хөтлөн алхах бяцхан үрс, номын шинэхэн цүнх, шил цонх нь гялалзах эрдмийн өргөө гээд Монгол оронд  хичээлийн шинэ жил эхэллээ. 2015-2016 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид 64 мянга 364 хүүхэд элсэн суралцана. Харин цэцэрлэгт 218 мянган хүүхэд хүмүүжих юм. Ингэснээр хүүхдүүдийн 84.8 хувь нь цэцэрлэгт хамарна хэмээн албаныхан тодотголоо.

Энэ хичээлийн жилд Монгол Улс даяар ерөнхий боловсролын 799 сургуульд 539 мянган сурагч суралцах юм байна.  Мөн 2015 онд биологи, математик, хими, физикийн 144 цахим лабораторийг байгуулж, олон улсын 500 видео хичээлийг эх хэлнээ хөрвүүлжээ. Өнгөрсөн хичээлийн жилд 200 орчим хими, физикийн лабораторитой болсон бол энэ жил олон улсын түвшинд нийцсэн 200 физикийн лаборатори байгуулах ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Мөн энэ хичээлийн жил “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш нарт 25 мянган зөөврийн компьютер, сурагчдад 11340 суурин компьютер нийлүүлнэ хэмээн салбарынхан онцолж байна.

Эл өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж эх орон даяар эхний хичээлийг МҮОНТ-ээр "Санаа зөв бол заяа зөв” хичээл заана. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуульд зочилж хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байгаа бол Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн сурагчдад шинэ хичээлийн жилийн мэндчилгээ дэвшүүлнэ.


Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд