Дийлэнх сумд хур бороогүй, гандуу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-21 01:29:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг 7-р сарын 16-ны байдлаар нийт нутгийн 30 хувь нь гандуу үлдсэн 70 хувь нь гантай байна. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр нийтээрээ хуурайшилттай байгаагаас мал, малчид ирэх өвөлд зутруу орох эрсдэл үүсэж болзошгүй учир аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс өвөлжилтийн бэлтгэл ажил хангах тогтоол гарч, энэ дагуу Засаг дарга түүний тамгын газраас Байгаль цаг уурын өнөөгийн байдал, цаашдын төлөв байдлын талаар шуурхай зөвлөлгөөн хийлээ.
Зөвлөлгөөнд Баянхонгор аймгийн 20 сумын удирдлага болон ХХААГ, УЦУОША, БОАЖГ, Онцгой Байдлын газар зэрэг холбогдох газруудын дарга нар оролцож, нутаг байгаль цаг уурын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч цаашид хэрхэх тал дээр санал гаргав.

Сүүлийн 10 жилд тохиогоогүй хуурайшилт халалт бүс нутгийн хэмжээнд явагдаж улмаар гол горхи ширгэж зарим томоохон гол мөрнүүд тасарч урсац багассан гэдгийг сумдын удирдлагууд ярьж байна. 20 сум нэлэнхүйдээ гантай байгаа ба Бууцагаан, Бөмбөгөр, Баян-Овоо сумдын малчид зарим аймаг сумдын нутагт отор бэлчээрээр явж байна. Бүх сумдын бэлчээрийн даац 2-3 дахин ихэссэн, цаг зуд хүндрэхээс урьтаж малчид мал махаа ихээр борлуулах хүсэлтэй байгаа аж.
Малаа тарга тэвээрэг авхуулах гэж отор нүүдэл хийж яваа малчдыг ойлгож өөрийн бүс нутагруугаа оруулах тал дээр сумд уян хатан хандаж, мал малчдыг хөөж тууж, элдэв татвар татаас нэхэхгүй байхыг аймгийн Засаг дарга сумдын удирдлагуудад үүрэгдлээ. Аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Т.Мөнхбаатар өвөлжилт хүндэрч мэдэх болохоор өвс тэжээлээ өөрсдийн бололцооны  хэрээр нөөцөлж авах шаардлагыг сум орон нутгаас нь малчиддаа тавиж байх нь зүйтэйг хэлж Онцгой комиссын 20 гишүүнийг тус бүр нэг сум даалган сумдыг хариуцуулах санал гаргасан нь дэмжигдэв.
Байгаль цаг уурын өнөөгийн байдал, цаашдын төлөв байдлын талаар шуурхай зөвлөгөөн 3 цаг гаруй хугацаанд үргэлжилж үүрэг чиглэл авсан сумдын удирдлага болон холбогдох байгууллагууд наадам өнгөрөөгөөд шуурхайлан ажиллахаар тогтлоо. Манай иргэд малчдын зүгээс ч хэт халалт хуурайшилтыг боломж бололцоогоороо даван туулж  өөрсдийн чадах хэмжээгээрээ өвс хадлан бэлтгэх шаардлагатайг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.
                                                                                                                                          Б.Мөнхзул

Холбоотой мэдээ