Захчин түмний их нүүдэл "Бидний цөөхөн монголчууд" аяллын багийнхны анхаарал татав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-25 09:47:40
Ховд/МОНЦАМЭ/ XXI зууны Монгол хүмүүс хэрхэн амьдарч байна вэ? Хот, суурин амьдралаас гадуурх нүүдэлчдийн соёл өнөө цагт хэрхэн оршин тогтнож байна вэ? Эдгээр асуултын хариултыг "Ядамын Мөнхчулуун сан"-гийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан М.Зоригтын санаачилсан "Бидний Цөөхөн Монголчууд" төслөөс олж харах боломжтой. Тус  төслийн багийнхан Монгол орны 21 аймгаар аялж, өнөө цагийн нүүдэлчдийн ахуй амьдрал, эгэл хүмүүсийн амьдралын төрхийг орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар түүхэнд тэмдэглэн үлдээх зорилтыг өмнөө тавьжээ.

"Бидний Цөөхөн Монголчууд" төсөл Хөвсгөл аймгаас эхэлж, энэ удаад алс баруун хязгаарт хүрэлцэн ирээд байна. Баруун Алтайн  аймгуудын зураг авалтыг Монгол орны хамгийн баруун хязгаар, хамгийн өндөр цэг болох Алтай таван богдоос эхлүүлсэн байна. Төслийн багийнхны аяллын туршид  хамгийн сэтгэл догдлуулсан сонирхол татам зүйл юу байсныг тодруулахад ”Алтай таван богдод дөрвөн шөнө, таван өдөр аялахдаа байгалийн бүх үзэгдлийг гайхуулсан тэр хайрханыг биширч, нэг өдрийн дотор дөрвөн улирлын аясыг харуулсан цастай, бороотой, нартай, үүлтэй агшин төрх үнэхээр монгол эх орны байгалийн үзэсгэлэн тэнд цогцоолж байгаа нь сэтгэл огшоосон. Алтай таван богдын тухай таван өдрийн турш хийсэн бичлэг, зураг авалтаар дэлгэцийн баримтат кино” хийсэн гэв.
 
"Бидний Цөөхөн Монголчууд" төсөл Монгол орны 21 аймаг, 400 гаруй сум, суурин газрыг хамруулах ба төслийн хүрээнд нийт 30 гаруй ном хэвлүүлж, 800 гаруй нэвтрүүлэг гаргахаар төлөвлөжээ. Төслийн багийнхан Ховд сэтгүүлчидтэй уулзаж, хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Ховд аймгийн үүх түүхийг мөнхжүүлэх ажлыг  Чандмань сумаас эхлүүлэх гэнэ. Энэ хугацаанд төслийн багийнхан нутгийн иргэдийн өдөр тутмын амьдрал, зан заншил, онгон байгаль, хүмүүсийн хоорондын харилцаа, соёл уламжлалыг орчин үеийн дэвшилтэт технелогийг ашиглан, маш хурдтайгар камерын дуранд буулган авах, архив бүтээж, мөнхжүүлэх,хадгалах  олон нийтэд түгээн сурталчлах зорилготой гэнэ. Монголчууд цөөхүүлээ гэдгээ ухамсарлан эв нэгдэлтэй байж, уламжлал ба түүх соёлоо хадгалан үлдээсэй гэх үүднээс төслийг ийнхүү нэрлэх болсон байна.
Тус  төслийн баг бусад аялалын багуудаас эгэл амьдралыг эгэл байдлаар нь харуулахыг хичээж байгаагаараа ялгарах  онцлогтэй гэж байв. Тухайлбал    Ховд аймгийн Зэрэг сумын захчин түмний  Алтан тээлийн хөндийгээс Баатарын нуруу хүртэл зун нь ууландаа гарч, намар нь гол руугаа  нүүхдээ тэмээгээр нүүдэл хийж байгаа монгол уламжлал,ёс заншил,үүх түүхийг байгалийн өнгө үзэгдэл,мал ахуй, хүн зоны амьдралтай харуулж баримтат кино хийхээр бэлтгэж байна гэв. Ховдын Зэрэг сумнхны уулын их нүүдэл монгол орны хаана ч байхгүй, давтагдашгүй өвөрмөц төдийгүй сумын ард иргэдийн баатарлаг дайчин чанар өдгөөг хүртэл өвлөгдөн үлдсэн байгаа нь “Бидний цөөхөн монголчууд “төслийн багийнхны анхаарал татжээ.
 А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ