Жаргалант багийнхан 10 ортой шинэ эмнэлгээр үйлчлүүлж эхэллээ

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-11-04 22:26:34

Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн төвд 10 ортой хүн эмнэлгийн барилгыг орон нутгийн төсвөөс 265 сая төгрөгөөр барьж ашиглалтад орууллаа.

10 сарын 29-ний өдөр болсон нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Сэрчмаа, Уянга сумын Засаг дарга П.Баатар, Уянга сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Даваадулам, уг барилгын ажлыг гүйцэтгэсэн “DHL” ХХК-ийн захирал Д.Батдорж болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Уянга сумын Жаргалант баг нь аймгаас 120 км, сумын төвөөсөө 60 км зайд оршдог, 3 мянган хүн амтай, аймагтаа төдийгүй улсад тэргүүлэх хэмжээний хөгжиж байгаа суурин юм. Тус багийн эмнэлэг нь их эмч, сувилагч, асрагч, багийн эмч, машинист, үйлчлэгч, тогооч, жолооч  зэрэг 13 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа ба эмнэлгийн стандарт хангасан, тав тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой болсондоо багийн иргэд баяртай байна.

Эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд зориулж Жаргалантын хүчит 32 бөх зодоглож, сумын заан А.Батнасан түрүүлэн сумын заан Х.Дашзэвэг үзүүрлэлээ. Мөн эмнэлгийн тохижилтонд зориулж Засаг дарга Д.Тогтохсүрэн ОНХС-аас 5 сая төгрөг өгөхөөр болжээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ