Оросын “Союз МС-04” сансрын хөлөг амжилттай газардлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-09-04 17:31:04

АСТАНА. /TASS/. Оросын “Союз МС-04” сансрын хөлөг ням гарагт Казакстан улсын нутаг дэвсгэрт амжилттай газардлаа.

Олон Улсын Сансрын Станцад /ОУСС/ 136 хоногийн хугацаанд 50 гаруй чухал туршилт хийх үүрэгтэй явсан Оросын 1, Америкийн 2 сансрын нисгэгч бүхий хамтарсан баг эх дэлхийдээ ийнхүү эсэн мэнд иржээ. Тэдний биеийн байдал хэвийн байна гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ телевизээр дамжуулан үзүүлжээ.

Дэлхийн хамгийн туршлагатай, ахмад сансрын нисгэгч эмэгтэй Пегги Уитсон нь ОУСС-д 10 сар байсан бол, НАСА-гийн сансрын нисгэгч Жэк Фишер болон Оросын сансрын нисгэгч Фёдор Юрчихин нар нь тус тус 5 сар болсон байна. П.Уитсон нь Америкийн сансрын нисгэгчдийн дотроос сансарт хамгийн удаан хугацаагаар ажилласан хүн болж дээд амжилт тогтоогоод байгаа юм.

ОУСС-д одоогоор 3 сансрын нисгэгч ажиллаж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр буюу 9 дүгээр сарын 13-ны өдөр Казахстаны “Байконур” сансрын буудлаас “Союз МС-06” сансрын хөлгөөр Оросын 1, НАСА-гийн 2 сансрын нисгэгч ОУСС-ыг зорин хөөрөх хуваарьтай байна.

Одоогийн байдлаар Оросын сансрын хөлгүүд нь ОУСС-руу явах үндсэн үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа юм. 

Х.Сарнай


Холбоотой мэдээ