"Тусгай замын автобусны төсөл" хэрэгжсэнээр зорчих хугацаа 40 хувь буурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-10-20 11:09:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн салбарт "Тусгай замын автобусны төсөл"-ийг Азийн Хөгжлийн банкаар дамжуулан БНХАУ-ын техникийн туслалцаатай хэрэгжүүлэх юм байна.

Төслийн хүрээнд хотын босоо тэнхлэгт  нийт 42.5 км зам барьж байгуулах аж. Мөн 57 км зам засварлах, 10 уулзварт өргөтгөл хийхээс гадна тусгай замын 146 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд зорчуулна.  
НИТХ-ын дарга С.Амарсайхан "Тусгай замын автобусны төсөл"-ийн багийнхантай уулзаж 2023 он хүртэл хэрэгжих уг төслийн  хэрэгжилт, явцын талаар мэдээлэл авав.  Мөн үеэр  нийтийн тээврийн салбарт олон шинэ хуудас нээх, тохь тухтай, аюулгүй, ухаалаг системийг нэвтрүүлэх эл төслийн хэрэгжилтийг дэмжиж  ажиллахаа НИТХ-ын дарга мэдэгдсэн юм.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй нийт автомашины нэг хүрэхгүй хувийг нийтийн тээврийн хэрэгсэл эзэлж байгаа ч нийт иргэдийн 60 гаруй хувь буюу өдөрт 700 мянга, жилд 284.9 сая зорчигч нийтийн тээврээр зорчиж байна.
Өдөрт 200 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд 2020 он гэхэд Улаанбаатар хотын нийт  тээврийн хэрэгслийн тоо 970 мянгад хүрнэ гэсэн тооцоо гарчээ.
Тусгай замын автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлснээр зорчих хугацааг 20-40 хувь бууруулахаас гадна байршил тодорхойлох  бүртгэл, хяналтын GPS системийг  бүрэн нэвтрүүлэх бөгөөд ингэснээр үргүй зардлууд хэд дахин буурна хэмээн албаныхан онцлов.  Мөн  хүрээлэн буй орчинд үзүүлж буй  сөрөг нөлөө  70-80 хувиар буурна гэсэн  тооцоо гарчээ.
Б.Заяа
Холбоотой мэдээ