Газрыг албадан худалдах заалтыг өнөөдрөөс түдгэлзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-11-18 16:12:49

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн өнөөдрөөс эхлэн түр түдгэлзүүллээ. 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар гаргуулахаар харилцан тохиролцож болохоор зааж, ийнхүү тохиролцсон бол гагцхүү нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарснаар газрыг албадан дуудлага худалдаагаар худалдахаар зохицуулсан байна. Уг зохицуулалт нь иргэний газраа захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг шүүхийн хяналтаас гадуур байх боломж бий болгож улмаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийг, мөн  “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц өнөөдөр дунд суудлын хуралдаанаараа гаргалаа.
Тиймээс дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн холбогдох заалт болон 53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсгийн үйлчлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэв.

Н.Туяа

Холбоотой мэдээ