Зөөврийн аппаратаа ашиглан сүрьеэгийн 22 тохиолдлыг шинээр илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-02-21 10:00:30
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Сүрьеэгүй–Эрүүл–Гоё-Сэлэнгэ”-ийн төлөө хамтдаа багийнхан зөөврийн дижитал рентген аппаратаа ашиглан 22 сүрьеэгийн шинэ тохиолдлыг илрүүлж эмчилгээнд хамруулан амжилттай ажиллаж байна.
Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэй, Глобаль сангийн санхүүжилтээр “Дэвшилтэт шинэ технологи зөөврийн дижитал рентген аппарат” хүлээн авч анхны оношлогоог Жавхлант сумын иргэдэд үзүүлснээр Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд нэгэн том ахиц гарсан үйл явдал тахиа жилийн шувтаргаар болсон юм. Тус аппаратын нээлтийн үйл ажиллагаанд Глобаль сангийн ерөнхий зохицуулагч хатагтай А.Оюунбилэг, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од болон албаны хүмүүс оролцсон билээ. Сэлэнгэчүүд бид 2020-2024 он гэхэд “Сүрьеэгүй аймаг” болохын төлөө зорилго тавин ажиллаж байгаа. Энэхүү зорилгод хүрэхэд зөөврийн дижитал рентген аппарат онцгой чухал үүрэгтэй юм. Иймээс “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийн хүрээнд зөөврийн дижитал рентген аппаратаа ашиглан аймгийн хэмжээнд боловсрол, соёлын байгууллага, хилийн цэрэг, хүчний байгууллага, олон нийтийн зах, худалдааны төв, 9 сумын ард иргэд, хөрш Дархан уул аймгийн ЭМГ-ын хүсэлтээр Шарын гол сумын ард иргэд нийт 18 нэгжийн 10000 гаруй хүнд цээжний хөндийн эмгэг илрүүлэх оношлогоог хийжээ. Энэхүү үйл ажиллагаагаараа 22 сүрьеэгийн шинэ тохиолдлыг илрүүлж эмчилгээнд хамруулан амжилттай ажиллаж байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ