БНАСАУ болон АНУ-д шууд яриа хэлэлцээ хийхийг Хятад улс уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-02-28 10:18:28
БЭЭЖИН. /Синьхуа/. БНАСАУ болон АНУ-д шууд яриа хэлэлцээ хийхийг БНХАУ уриалсныг “Синьхуа” агентлаг уламжлав.
 
АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн буйгаа БНАСАУ илэрхийлсний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгдэл хийхдээ “Пхеньянтай тодорхой нөхцөлтэйгөөр л яриа хэлэлцээ хийж болох юм” гэсэн билээ.
 
Үүнтэй холбогдуулан Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан өчигдөр орой мэдэгдэл хийхдээ “Солонгосын хойгийн хурцадмал байдал намжиж байгаад баяртай байна. Өвлийн олимп, паралимпоос хойш ч тус хойгийн байдал тогтвортой байна гэдэгт Хятад улс найдаж байна. Хоёр Солонгос, бүс нутгийн улс орнууд болоод олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүсэл эрмэлзэл нь Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхэд түлхэц үзүүлнэ” гэжээ.

Хоёр Солонгос хоорондын яриа хэлэлцээ нь АНУ болон БНАСАУ-ын хооронд шууд яриа хэлэлцээ хийх замыг засах боломжтой гэж манай улс үзэж байна гэж Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лу мэдэгдээд “АНУ болон БНАСАУ шууд яриа хэлэлцээ хийгээсэй гэж дан ганц Хятад улс хүсэж байгаа юм биш. Энэ бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүсэл” гэжээ.
 
Г.Доржханд
 
 

Холбоотой мэдээ