Улсын хэмжээнд мөрдөх нэгдмэл хуулийн төсөл боловсруулахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-01 14:30:06
ВАШИНГТОН. /ТАСС/. Зэвсэг хэрэглэн хүчирхийлэл үйлдэх болон олон хүний амь насыг хөнөөх явдлаас сэрэмжлэх, тэр дундаа сэтгэл зүйн хувьд эрүүл бус хүмүүст зэвсэг олгохыг зөвшөөрөхгүй байх болон зэвсэг худалдан авахыг хүссэн хүмүүст хатуу хяналт тавих, дунд сургуулиудад ийм бусармаг хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс АНУ-ын хэмжээнд мөрдөх нэгдмэл нэг хуулийн төсөл боловсруулахыг Конгресст төлөөлөлтэй хоёр намд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уриалжээ.

Сургуулиудад зэвсэг сайн эзэмшиж сурсан хүмүүсийг байлгаснаар энэ асуудлыг тогтоон барих боломжтой гэдэгт итгэлтэй буйгаа Америкийн төрийн тэргүүн ээлжит удаагаа мэдэгдсэн юм.
 
“Зарим нь үүнтэй санал нийлэхгүй байгааг би ойлгож байна. Гэсэн хэдий ч манай улсад 1950 оноос хойш гарсан олон хүний амь насыг хөнөөж байсан хэргүүдийн 90 хувь нь зэвсэг эзэмшихийг хориглосон газруудад болсон” хэмээн тэрбээр нэмж хэлжээ.
 
Өнгөрсөн сарын 14-нд 19 настай Николас Круз гэгч этгээд Флорида муж улсын Парклэнд хотын “Marjory Stoneman Douglas” ахлах сургуульд гал нээсний улмаас 17 хүн амиа алдсан аймшигт хэрэг гарсан билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан хийсэн хэлэлцүүлгийн үеэр Д.Трамп “Тэнд зэвсэг ашиглаж мэддэг ядаж ганц хүн байсан бол ийм хэрэг гарахгүй байх байсан юм” гэж хэлжээ.
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ