Египетэд ерөнхийлөгчийн сонгууль эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-26 12:33:15
КАИР. /ТАСС/. Египтэд өнөөдөр ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байна. Тус улсын Сонгуулийн үндэсний комиссын /СҮК/ шийдвэрээр сонгууль энэ сарын 26-28-нд буюу 3 хоног үргэлжлэх аж.
 
Египетийн бараг 96 сая гаруй оршин суугчдаас 59,5 сая иргэн сонгуульд санал өгөх эрхтэй. Сонгуулийн өдрүүдэд тус улсад 376 сонгуулийн хороо болон орон нутгийн 17 мянган комисс ажиллах ажээ.
 
Египетийн хилийн чанад дахь оршин суугчдын урьдчилсан санал хураалтыг энэ сарын 16-18-нд нийт 120 улсад явуулсан байна.
 
Сонгуулийн дүнг ирэх сарын 2-нд зарлана. Нэр дэвшигчдийн аль нь ч хангалттай тооны санал аваагүй тохиолдолд сонгуулийн хоёр дахь шат ирэх сарын 24-26-нд явагдах бөгөөд дүнг 5 дугаар сарын 1-нд зарлах товтой юм байна.
 
Сонгуульд Египетийн одоогийн ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси хамгийн гол өрсөлдөгч болж байна. Өдгөө 63 настай Абдель Фаттах ас-Сиси нь ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүнчий дээд зөвлөлийн дарга бөгөөд армийн ерөнхий командлагчийн албан тушаал хашиж байжээ.
 
Египетийн энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд тун цөөхөн нэр дэвшигч оролцож байна. СҮК-д бүртгүүлэх сүүлийн өдөр хүртэл сонгуульд оролцох хүсэлтэй байсан ганц хүн нь ас-Сиси байжээ. Сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн 10 орчим хүн төлөвлөгөөнөөсөө буцаж, СҮК-д материалаа бүрдүүлж өгөөгүй байна.
 
Харин сүүлийн мөчид "Аль-Гад" намын тэргүүн 65 настай  Муса Мустафа Муса одоогийн ерөнхийлөгчтэй сонгуульд өрсөлдөхөөр болсон байна. М.Муса материал бүрдүүлж өгөх эцсийн хугацаа дуусахаас нэг өдрийн өмнө ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй байгаагаа зарлаж, бүртгэл хаагдахаас 15 минутын СҮК-д шаардлагатай материалаа бүрдүүлэн өгсөн байна.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ