Аж үйлдвэрийг хөгжүүлэх саналаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга нарт өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМАж үйлдвэрийн яамны хурлын танхимд цугларсан аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчид нэгдэж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Нийслэлийн засаг даргад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх санал бүхий өргөх бичгийг гардуулан өгөх шийдвэр гаргасан байна.
АҮЯ-ны Инноваци хариуцсан зөвлөх, гавьяат тээвэрчин Д.Жаргалсайхан, Монголын үйлдвэржилт, хөгжлийн төвийн захирал Ц.Одонгэрэл, "Ган хийц" ХК-ийн захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэн тэргүүтэй хувийн хэвшлийн үйлдвэр эрхлэгчид тулгамдсан асуудлаа сар бүр уулзан ярилцдаг уламжлалтай аж. Энэ удаагийн уулзалтаар аж үйлдвэрийн салбарын хөгжлийг сонгодог паркийн системд шилжүүлж, экспорт импортын нэг цонхны бодлогыг барин, борлуулалтын сүлжээг бий болгох нь төрөөс баримталж байгаа үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэхэд дөхөм болно гэж үзэж буйгаа онцлов.
Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийг зах зээлийн судалгаа, мэдээ, мэдээлэл арга зүйгээр хангаж, нэг зорилго, нэг бодлого доор нэгдэх нь чухал байгааг Монголын үйлдвэржилт хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Ц.Одонгэрэл тэмдэглэв. Энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор Голомт банк жижиг дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд зориулсан WWW.SME.GOLOMTBANK.COM сайтыг ажиллуулж эхэлсэн байна. Мөн аж үйлдвэржилтийг дэмжүүлэх асуудлаар боловсруулсан санамж бичгээ УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Нийслэлийн засаг дарга нарт тус бүрт нь хаяглан хүргэж өгч 14 хоногийн дотор албан ёсны хариу авахаар болсноо сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.
Мөн сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагатай хэрхэн хамтран ажиллах талаар ч санал бодлоо солилцлоо.
Ж.Батсайхан