Монгол оюутан Бээжингийн их сургуулийн шилдэг 5 дуучны нэгээр шалгарлаа

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-05-23 01:08:53
Бээжин /МОНЦАМЭ/. Бээжингийн их сургуулийн шилдэг дуучин шалгаруулах тэмцээнд тус сургуульд Урлаг судлалын ухааны магистраар сурч буй оюутан Л.Баяржавхлан амжилттай оролцож шилдэг 5 дуучны нэгээр шалгарлаа. Монгол оюутан анх удаа тус тэмцээнд ийм өндөр амжилт гаргаж буй аж. 
32 дахь жилдээ болж буй тэмцээнд нийт 500 гаруй оюутан  өрсөлдсөн бөгөөд  тэмцээний финалын шатны шалгаруулалтын тоглолт өчигдөр болж 8000 гаруй хүн үзэж сонирхов.
Монголын оюутан Л.Баяржавхлан эхний шатанд Монгол ардын дуу “Алсын газрын зэрэглээ”, хоёр дахь шатанд Монгол ардын дуу “Хун галуу”,  гурав дахь шатанд “Улаанбаатарын үдэш”, Монгол ардын айзам уртын дуу “Уяхан замба тивийн нар” дуугаар оролцсон.
Түүний хувьд бүх шатны шалгаруулалтад Монгол ардын богино, уртын дуугаар хуран цугласан үзэгчдийг байлдан дагуулж, язгуур урлагаа сурталчилж байв. 

Тэрбээр тэмцээнийхээ талаар сэтгэгдлээ хуваалцав. “Хүчтэй өрсөлдөгч олон байлаа. Ихэнх оролцогчид дэлхий нийтэд болон Хятад улсад хит болсон үзэгчдийн сайн мэддэг дууг дуулж оролцсон. Миний хувьд зөвхөн Монгол ардын дуугаараа оролцлоо. Би хүмүүсийн сайн мэддэг англи, хятад дуу сураад дуулж болно л доо. Монгол ардын дуугаа дуулсан маань ардын урлаг соёлоо түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлөж үлдээх үүрэгтэй. Тийм болохоор нэг ч гэсэн Монгол дуугаа хүмүүст хүргэхийг л зорьсон. Монгол дуу үнэхээр хэмжээ хязгааргүй “маш том” цар хүрээ утга агуулгатай, Монгол дуунаас Хятадын дуунуудад орж ирсэн санаа маш их байдаг гэдгийг шүүгчид онцолж байсан. Хятадуудын хувьд Монгол урлагийг маш сайн мэддэг ч намайг Өвөр монгол хүн гэж андуурч байсан. Гадаадын оюутнууд Монгол дуу, урлагийн талаар ойлголт муутай байдаг. Монгол ардын дуунууд маань гадныханд их  таалагдаж байгаа нь ажиглагдсан. Хэдийгээр үгийг нь ойлгохгүй ч аялгуугаараа ямар ч хүнд хүрч чаддаг юм байна. Манай үндэсний хувцас үнэхээрийн гайхамшигтай гэдгийг ч мэдэрлээ. Үзэгчдийн сонирхлыг үнэхээр татаж чадаж байна. Би өнгөрсөн жил Бээжин хотод суралцахаар ирсэн. Ирсэн эхний жилдээ том тэмцээнд амжилттай оролцсондоо сэтгэл өндөр байна. Бээжингийн Их сургуулийн уралдаан тэмцээнд Монгол оюутан амжилттай оролцож байгаагүй юм билээ.  Мөн Бээжингийн их сургуульд урлагийн чиглэлээр сурч буй анхны Монгол оюутан болсондоо баяртай байна. Цаашдаа Хятадад зохиогддог дууны тэмцээнүүдэд оролцох, цаашлаад Хятадын зах зээлд гарахыг хүсч байна. Мөн Монгол, Хятадын соёлын харилцааны чиглэлээр идэвхтэй ажиллах бодолтой байна. Өчигдөр өөрийн бэлдсэн 3 дуугаа 8000  гаруй гадны хүмүүсийн өмнө дуулж Монгол дуу, урлаг гэж ийм зүйл байдаг юм гэдгийг харуулж чадсан нь л миний зорилго байлаа. Үүндээ маш их сэтгэл хангалуун байна” гэв.     
Дашрамд дурдахад, тэрээр 2015 онд  Хөгжим бүжгийн коллежийг МУАЖ Ш.Чимэдцэеэ багшийн удирдлага дор уртын дууч мэргэжлээр төгссөн. Мөн өнгөрсөн жил Бээжингийн их сургуулийн гадаад оюутнуудын дундах  шилдэг  10 дуучны нэгээр шалгарч байжээ.
    
А.Анхбаяр  
 
 
 
 
 
 
 
 
        
 
 
 
 
 

Холбоотой мэдээ